Н.Алтанхуяг: Та нар хэтэрхий их бярдаж байна, МАН-ынхаан!

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн үр дүнгээр МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийлээ. 

Тэрээр "Монголд сонгуулийнхаа хуулийг өөрчлөх замаар засгийн эрхийг авдаг болчихжээ. Ард түмний ахуй амьдрал доройтож халдварын нөхцөл байдал хяналтаас гарсан байхад шударга сонгууль явагдана гэж байхгүй, ийм үр дүн ч гарахгүй. МАН-аас бор халзан хонь байсан ч гарах нь ээ. 

Хэсгийн хороо бүрд орон тооны хүн ажиллуулдаг болсон. Энэ нь тэр хавийн хүмүүсийг авлигадаж байгаа хэрэг. Тэнд амьдарч байгаа иргэдийн буруу байхгүй. Амьдрал ахуй нь хэцүү байхад 500 мянган төгрөг өгье, хүүхдийн төлбөрийг чинь төлөөд өгье гэвэл уухайн тас л зөвшөөрнө шүү дээ. Мөнгө, тогтолцоо, сүлжээ гурав Монголд хэрээс хэтэрлээ. “Сонгууль их сайхан шударга боллоо”  гээд ярьж байгаа СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран ч өөрөө асуудалтай нөхөр. Үүнээс харахад нэг намын дарангуйлал тогтсон байна.

Та нар хэтэрхий их бярдаж байна шүү. Ард түмний амьдралыг бодохгүй байна. Өөрсдийн албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрч байна. Та нар хангалттай их юм авсан биз дээ. Үүнээс илүү юу авах гээд байгаа юм бэ. Үлдсэн хоёр суудлыг нь луйвардаж авсан. МАН мөнгө тараадаг. Тэр байтугай өрсөлдөгч намын тамгыг өөрсдийн хүмүүстээ  өгч байгаад алж байна. Ингэж ардчиллыг мөхөөж болохгүй. Та нарт ямар хүч дутаад байгаа юм. Би ойлгохгүй байна. Монголын төрийг худалдаж авсан гэдэг үнэнийг би өөрөө үздэггүй юмаа гэхэд миний үр хүүхэд харна" гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.