Мухаммад Алигийн зурсан ховор цуглуулга сая ам.доллараар зарагджээ
Дэлхийн боксын аварга, домогт тамирчин Мухаммад Алигийн өөрийн гараар зурсан ховор зураг, тэмдэглэл бүхий цуглуулгыг сая ам.доллараар дуудлагаар худалдсан байна. Уг цуглуулгад 26 бүтээл, зураг багтсан бөгөөд Нью-Йоркийн Бонхамс дуудлага худалдааны ордонд зарагджээ.
Мэргэжилтнүүд уг цуглуулга урьдчилан таамаглаж байснаас 10 дахин өндөр үнээр зарагдсан хэмээн мэдээлсэн байна. Мухаммад Али домогт тамирчнаас гадна нийгмийн идэвхтэн, яруу найрагч, зураач байсан юм. Түүний урлагийн талын авьяасыг шүтэн бишрэгчид нь төдийлөн мэддэггүй ажээ.
Бонхамс ордны зүгээс Али бүх л амьдралынхаа туршид зураг зурсан бөгөөд аав нь мэргэжлийн уран бүтээлч байсан гэдгийг танилцуулсан байна. Алигийн найз, урлагийн бүтээл цуглуулагч Родни Хилтон Браун уран бүтээлүүдийг нь нэгтгэжээ. 1977 онд Бостоны рингэнд тулалдсаныхаа дараа Мухаммад Али түүнд зориулж гурван ч зураг зуран анх удаа бэлэглэж байжээ.

Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.