Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа билээ.
Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж, нийт 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдан борлуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" нэгдсэн арга хэмжээнд оролцож, ногоочид, үйлдвэрлэгчидтэй уулзжээ. Тэд борлуулалт тааруу байсан ч үзэсгэлэн эхэлснээс хойш нэмэгдэж байна хэмээн ярьсан аж. Энэ сарын 16-нд 24.5 сая, 17-нд 78.9 сая, 18-нд 110.8 сая, нийт 214.5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Үзэсгэлэнд оролцож байгаа ногоочдын хувьд эх орныхоо хөрсөнд төрөл бүрийн хүнсний ногоо тарьж ургуулж байгаа ч ургацаа хадгалах стандарт хангасан зоорь дутагдалтай байгааг хэлсэн байна. Энэ жилийн хувьд манай улс төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж, илүү гарсан ногоогоо нөөцлөх бодлого барьж байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ жил хөдөө аж ахуйн салбарын хувьд түүхэн жил болж байна. Манай улс улаанбуудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногоогоо 60 хувь дотоодоосоо хангах урьдчилсан төлөв гарсан. Манай улсын жилийн хэрэгцээ 310 орчим мянган тонн. Үүгээр тооцоолбол, 200 орчим мянган тонн ургац илүү авахаар байна. Тиймээс бид цаашид зөвхөн импортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарах биш экспортыг дэмжих бодлого барина. Хүнсний нөөц бүрдүүлж, томоохон зоориуд байгуулах, өвлийн хүлэмж барихад анхаарна" гэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн "Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй энэ үед Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засгаа ч дэмжих бодлогыг тууштай баримталж байна. Иргэн та бидний хамтын ажиллагаа энд чухал. Хамтдаа хичээцгээе" хэмээн уриалсан байна.
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" нэгдсэн арга хэмжээгээр үйлдвэрлэгчдийн онцгой, шилдэг бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээж хүртэж, хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээг авахаас гадна салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрөл бүрийн мэдээллийг өгч байгаа. Түүнчлэн аж ахуйн нэгж, төрийн байгууллага хооронд бизнесийн гэрээ хэлцэл хийх арга хэмжээнүүд ч зохион байгуулагдах юм.
Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс үзэсгэлэнгийн талбайд өглөө, оройд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.