СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-09

Дархан-Уул аймагт хүүхдүүдийг вакцинд хамрагдсан эсэхээр нь ялгаварлан гадуурхжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Дархан-Уул аймагт “хүүхдүүдийг ковидын вакцинд хамрагдсан эсэхээр нь ялгаварлан гадуурхаж сургалтын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээнд хамрагдах эрхийг нь хязгаарласан” тухай гомдол Хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн байна.

Гомдлын дагуу шалгахад,

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Дархан-Уул аймаг гэх цахим хуудсанд 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Вакцины бүрэн тунд хамрагдсан 12-оос дээш насны хүүхдүүдийн секц дугуйлан, танхимын сургалтад хамрагдах боломжийг нээнэ” гэсэн мэдээллийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байршуулсан бөгөөд холбогдох албаны хүнээс мэдээллийг тодруулахад “Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар уг шийдвэр гарсан ч вакцинд хамрагдаагүй хүүхдүүд төрийн болон хувийн хэвшлийн сургуульд хэвийн хамрагдаад явж байна” гэх тайлбарыг өгсөн байна. 

Дээрхээс үзэхэд Аймгийн онцгой комиссоос гаргасан тус шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7 дахь заалтад “сурч боловсрох эрхтэй”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, ... хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ”, гэж заасныг

Мөн “Коронавирусын халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь хэсэгт “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, арга хэмжээ нь “...хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх” гэж тус тус заасныг зөрчсөн гэж ХЭҮК үзжээ.

Түүнчлэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар тогтоолын ё-д “... халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан эсэхээс үл хамаарч төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлахгүй байх”-ыг Засгийн газарт үүрэг болгосон.

Иймд Дархан-Уул аймгийн Онцгой Комиссын хуралдаанаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, энэ талаар олон нийтэд мэдээллэхийг ХЭҮК-ээс Дархан-Уул аймгийн засаг даргад хүргүүлжээ. 

Улмаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны хүрээнд Нутгийн захиргааны байгууллага, Аймгийн онцгой комисс болон эрх бүхий албан тушаалтны зүгээс аливаа шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомж, Улсын Их Хурлын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 67 дугаар тогтоолыг мөрдөж, хэрэгжилтийг хангаж ажиллах тухай Комиссын гишүүний шаардлагыг Дархан-Уул аймгийн засаг даргад хүргүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.