? LIVE: ЭМЯ: Төрийн албан хаагчид сайн дурын үндсэн дээр вакцины 3-р тунг хийлгэж болно
Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 12-ны өдөр "нууц тушаал" гаргаж төрийн алба хаагчид болох эмнэлэг, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын алба хаагч нарт вакцины гуравдугаар тунг хүчээр хийж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Уг асуудал дээр ЭМЯ-аас тайлбар хийлээ.
ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга О.Батбаяр: Коронавирусийн дельта хувилбар Улаанбаатараас гадна Баян-Өлгий, Ховд аймгуудад гарч эхэллээ. Дэлхийн улс орнуудад ч дельта хувилбар ихэсч, тэр хэрээр эмнэлэгт хэвтэх өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байна.
Өнгөрсөн хугацаанд 10 хувийг эзэлж байсан бол сүүлийн үед илэрч байгаа эерэг тохиолдолд дельта хувилбар 30 хувийг эзэлж байна. Тэр дундаа Баян-Өлгий аймагт 80 хувь, Ховд аймагт 55 хувь гэх мэтээр шинэ хувилбарын тархалт эрчимжиж байна. Мөн вакцины үр дүнгийн үзүүлэлт дэлхий дахинд буурч байна.
Тиймээс вакцины гурав дахь тунг хийх тухай дэлхийн улс орнууд ярьж байна.
Астразеника вакцины гурав дахь тунг хийсний дараа дархлал өндөр тогтож байна гэсэн судалгаа ч гарсан учир манай улс гурав дахь тунг хийж эхэлсэн.
Зорилтот бүлгийн буюу ковидын эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа төрийн алба хаагчдад сайн дурын үндсэн дээр хийж байна. Ямар нэг нууц тушаалаар биш нээлттэйгээр уг тушаалыг гаргасан. Одоогоор зөвхөн Астразеника вакцины гурав дахь тунг хийж байна. Бусад вакцины талаар судлагдаж байна.
Өнөөдрийн байдлаар ДЭМБ-аас гурав дахь тунг хийхийг улс орнуудад зөвлөөгүй ч зарим улс орнуудын туршилтыг харгалзан зөвхөн Астразеника вакцин хийлгэсэн иргэдэд сайн дурын үндсэн дээр хийхээр болсон гэлээ.
Манай улсад дельта хувилбар гарч буйтай холбогдуулан эмч, эмнэлгийн ажилтнууд уг хувилбараар өвчлөх юм бол илүү хүндрэх, хүний нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй гэж үзсэн тул ЭМЯ-наас вакцины гуравдугаар тунг хийх шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.