СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-08

🔴 LIVE: Монгол бичгийн каллиграфийн уран бүтээлчдэд төрийн дээд одон медаль гардууллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт “Бичиг соёл-2021” уран бүтээлийн үзэсгэлэнгийн шагнал гардуулах ёслол боллоо.

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөрт зориулан 13 жилийн турш дэлгэгдэж, олон нийтэд монгол бичгийг сурталчлан таниулж, монгол оюуны дархлаа, монгол оюуны ундаргыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй энэхүү үзэсгэлэнд сүүлийн жилүүдэд  ОХУ, БН Буриад Улс, БН Халимаг Улс, Франц Улс, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг улс орноос уран бүтээлчид оролцох болсон нь олон улсын шинж чанартай болгож, тэнгэрийн зурлагат босоо Монгол бичгийг дэлхийд сурталчлан таниулж байгаа билээ.

Энэ үзэсгэлэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Бичиг соёл төвтэй 4 дэх жилдээ хамтран зохион байгуулж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үзэсгэлэнг энэ удаа цахим хэлбэрээр зохион байгуулж, 50 гаруй уран бүтээлийг олон нийтэд хүргэсэн юм.

ЗГХА Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор өнөөдрийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ  Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн  2003 оны  06 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар зарлигийг эргэн сануулсан юм. Тэрхүү зарлигт “Хүн төрөлхөтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнууд удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн олон олон бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц бөгөөд Монгол хүний хэл, сэтгэхүйн хөгжлийн хувиралд зохицох чадвараараа гоц сайнаар харуулан, монгол хэлний бүхий л аялгуунд тэгш төгөлдөр үйлчилсээр сонгодог болтлоо боловсорсон монгол бичиг бол манай ард түмний оюуны соёлын охь манлай бахархал төдийгүй нийт хүн төрөлхтний соёлд бидний өвөг дээдсийн оруулсан жинтэй хувь нэмэр, нэн үнэт зүйлс мөн билээ...” гэсэн байдаг.

Мөн Ц.Нацагдолгор “Монголчууд бид мянган жилийн баялаг түүх, дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншил, тусгаар тогтнолын өвөөрөө бахархаж ирсэн билээ. Энэ бүхнийг нэгтгэн зангидаж, илэрхийлэгч монгол бичиг соёлоо хүндэтгэх, өвлөн сурч, судлах нь өвөг дээдсийн залгамж үр хойч бидний эрхэм нандин үүрэг юм.

Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнай болсон Үндэсний бичиг үсгийн соёл гэдэг бол бид бүхний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл, гурван цагийг холбосон ариун нандин холбоос билээ.

XXI зууны даяаршил, хотжилт, техник технологийн хөгжлийн нөлөөгөөр суурин соёл иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед үндэсний уламжлалт соёлоо хадгалан авч үлдэх, дээдлэх замаар хүнийг хөгжүүлэхэд дэлхийн улс орнууд анхаарлаа хандуулж байна. Монгол хүний оюун сэтгэлгээний хөгжил, монгол үндэсний оршин тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон монгол бичиг соёлоо хадгалж хамгаалан хүн төрөлхтний соёлын дэвшилтэт ололттой жишиглэн түгээн дэлгэрүүлэх нь бидний эрхэм үүрэг юм.

2013 онд. Манай агентлаг нь эх хэл, бичиг үсэг, түүх соёлын тухай мэдлэгийг гүнзгийрүүлж, танин мэдүүлэх, үндэсний түүх, өв соёлын онцлогийг агуулсан, мэдлэг, мэдээлэлд тулгуурласан шинэ контент, бүтээгдэхүүн бий болгох, иргэн бүрийг эх хэл, бичгээ бүрэн төгс эзэмших, монгол үндэсний соёлын мэдрэмж, мэдлэгтэй болгож, соён гэгээрүүлэх их үйлсийг хэрэгжүүлэх тал дээр ажилладаг.

Үндэсний дархлаа болсон соёлын өв, бичиг үсгээ эрхэмлэн дээдэлж, эрдэм мэдлэг, уран мэдрэмж, сэтгэл оюунаа зориулан бүтээлээ туурвиж, олон түмний оюуны мэлмийг баясгасан нийт уран бүтээлчид та бүхэнд талархал илэрхийлье. Өв их бичиг соёл улам түгэн дэлгэрэх болтугай” гээд Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан  Монгол бичгийн каллиграфийн уран бүтээлчдэд Төрийн дээд  одон медаль гардууллаа.

Шагнал хүртсэн Монгол бичгийн каллиграфийн уран бүтээлчдийн нэрс

  1.  Довдонгийн Батбаяр-Монголын хүүхдийн ордны Уран зургийн багш, Каллиграфийн мастер- Хөдөлмөрийн гавяаны улаан тугийн одон
  2. Тогообатын Жамяансүрэн- Каллиграфийн мастер
  3. Шаравын Гэрэлсайхан-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1-р хорооны иргэн, чөлөөт уран бүтээлч
  4. Лхагвадоржийн Сүхбаатар- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэн, чөлөөт уран бүтээлч
  5. Лхагважавын Атар- Хүүхдийн урлан бүтээх төвийн багш
  6. Баасанжавын Энхцэцэг- Хүүхдийн урлан бүтээх төвийн багш
  7. Мижиддоржийн Энхбаяр- Хүүхдийн урлан бүтээх төвийн багш
  8. Цэгмидийн Тамир- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэн, Голомт банкны дизайнер
  9. Баттулгын Алтантуяа- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооны иргэн, “Содон чимээ” сургалтын төвийн багш

 Мөн “Бичиг соёл-2021” уран бүтээлийн үзэсгэлэнгээс шалгарсан шилдэг бүтээлүүдийг зарлаж, уран бүтээлчдэд шагнал гардуулав.

“Бичиг соёл-2021”  уран бүтээлийн үзэсгэлэнгийн шагнал хүртсэн уран бүтээлчдийн нэр:  

  • Шилдэг бүтээлийн шагналыг “Монголын нууц товчоо” бүтээлээр Э.Одбаяр
  • Тусгай байрын шагналыг “Өндөр гэгээний соёмбо үсэг оршвой” бүтээлээр М.Эрдэмбилэг
  • Тусгай байрын шагналыг “Түвшин шударга туйлын цэнгэл бүтээлээр" Ц.Тамир.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.