Т.Бэгзсүрэн: Ирэх сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрэх тул хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн
УОК-ын дэргэдэх Эрдэмтэдийн зөвлөлийн гишүүн Доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.
Эрдэмтдийн зөвлөл одоогийн нөхцөл байдлыг тооцоолж үзээд "хөл хорих нь зөв" гэсэн зөвлөмж хүргүүлсэн. Бид халдварын тоо зургаадугаар сарын 15-аас буурна гэж тооцоолж байсан боловч тодорхой үйл ажиллагаануудаас болж тооцоолсондоо хараахан хүрч чадаагүй. Гэхдээ сүүлийн үеийн тоо мэдээллээс харахад халдвар зургадугаар сарын 18-аас буурсан харагдаж байна.

Бидний тооцоолж байгаагаар долоо болон наймдугаар саруудад халдварын тоо тогтвортой буурна. Гэхдээ хөл хорио тогтоовол халдварын тоо илүү хурдан бууна гэж тооцоолж, зөвлөмж хүргүүлсэн байгаа.
Хэрвээ хөл хорихгүйгээр цааш явбал эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ачаалал долдугаар сард оргилдоо хүрч, нас баралт тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Иймд эмнэлгийн ачааллыг бага ч гэсэн бууруулж, нас баралтыг багасгахын тулд хөл хорих хэрэгтэй.
-Хөл хорио тогтоовол эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Заавал хөл хорио тогтоох шаардлага бий юу?
-Хөл хорио тогтоохгүй байвал халдварын нөхцөл байдал хүндэрч, долоодугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн.
-Хөл хорио тогтоохгүй бол халдварын тохиолдлын тоо хэрхэн өөрчлөгдөх вэ?
- 2021 оны аравдугаар сарын 1 гэхэд халдварын тоо дээд хязгаар нь 220 мянгад хүрнэ. Харин 10-16 хоногийн хөл хорио тогтоовол 170-180 мянга хүртэл буурах тооцоолол гарсан. Нас баралт 1000-д хүрэх эрсдэл бий. Долоодугаар сарын эхээр нас баралтын тоо нэмэгдэнэ. Хөл хорио тогтоовол наймдугаар сард халдварын тохиолдлын тоо буурна.

Бидний тооцооллоор вакцин хийлгэсэн дөрвөн хүний гуравт нь дархлаа тогтож, нэгд нь тогтохгүй байна. Үүнээс харвал вакцин хийлгэх насны 2 сая хүний 1.5 сая нь вакцины дархлаатай болно. Сүргийн дархлаа тогтоохын тулд 3.2 сая хүний 2.24 сая нь дархлаатай болох хэрэгтэй. Одоогийн байдлаар бидэнд сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.