Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. УБЦТС ТӨХК-ийн харьяа Сонгинохайрхан Хэрэглэгчдэд үйлчлэх төв 2006 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар 176 инженер техникийн ажилтантайгаар нийслэлийн хүн амын дөрөвний нэгийг цахилгаан эрчим хүчээр хангах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Мөн СХХҮТ нть байгуулагдсан цагаас эхлэн өөрийн байргүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоогийн түрээсэлж буй байр нь 1956 онд ашиглалтад орсон, хуучин цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байгаад Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр ашиглах боломжгүй болжээ.
Эрчим хүчний сайд тус төвд ажиллах үеэрээ төвийг шинээр байгуулах болон түрээслэх боломжийн талаар сонслоо. Гэвч шинэ байрны зураг төсөл, төсөв хөрөнгийн талаар судалгаа гаргаагүйд шүүмжлэлтэй хандлаа.
СХХҮТ-өөс газрын асуудлаас болж, судалгаа гаргаагүй гэх тайлбар өгсөн. Тулгамдсан асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэйг сайд сануулж хэллээ.
СХХҮТ нь цахилгаан дамжуулах агаарын шугам, шитүүдийг засварлах, тоолуур хэмжих хэрэгслийг шинэчилж ухаалаг болгох ажлыг эхлүүлэхээр бэлэн болсон байна. Энэ хүрээнд гэр хорооллын Амралт, Хайрхан, Толгойт, Ар согоот чиглэлийн 8500-10000 орчим хэрэглэгч ухаалаг эрчим хүчинд холбогдох юм. Уг төсөл хэрэгжүүлснээр тоолуур, хэмжих хэрэгслийн хувьд бүрэн шинэчлэгдэж сүүлийн үеийн ухаалаг тоолуур тавигдах ажээ.
Гэвч Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 1500 орчим айл огт цахилгаанд холбогдоогүй байна. Эдгээр хэрэглэгчдийн хувьд тархмал байршилтай тул цахилгаанд холбохын тулд гурван тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Түүнчлэн тус дүүргийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний хүчдэл муу байдаг. Энэ нь шугамын хүрэлцээтэй холбоотой.
Дашрамд дурдахад "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК ковидын улмаас 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Учир нь томоохон аж ахуйн нэгжүүд ажиллаагүй тул 30 тэрбум төгрөгөөр орлого нь буурсан байна. Алдагдалтай ажиллаж байгаа учраас ажилчдынхаа цалинг нэмэх боломжгүй байдалд байгаа гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.