Украины шинжлэх ухааны төвийн ажилтан аюултай вирус хулгайлжээ

Украин улсын нийслэл Киевт байрладаг Биотехнологи ба бичил биетний омог судлалын шинжлэх ухааны хяналтын хүрээлэнгийн нэгэн ажилтан аюултай амьтны вирус агуулсан хуруу шилнүүдийг хулгайлсан гэж тус улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ.

Албаныхны мэдэгдэлд " Тэрээр хүрээлэнгийн вирусийн омгуудад нэвтрэх эрх бүхий албан тушаалтай байсан" хэмээн тэмдэглэсэн байна.

Тус эмэгтэйн хулгайлсан хуруу шилнүүдэд "Вирулент Ньюкасл" халдварт өвчнийг үүсгэгч жижиг организмууд байсан аж. Энэхүү халдварт өвчин нь олон төрлийн зэрлэг ба тэжээвэр шувуунд нөлөөлдөг бөгөөд хүнд дамжин халдварладаг байна.

Хууль хяналтынхан одоо уг эмэгтэйг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.