БНСУ-д вакцин тариулсан хүмүүс амны хаалт зүүх шаардлагагүй болно

Өмнөд Солонгосын коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан иргэд ирэх 7 дугаар сараас эхлэн гадуур явахдаа амны хаалт зүүх шаардлагагүй болно гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.

Энэхүү шинэ журам нь вакцины эхний тунгаа тариулсан хүмүүст ч хамаарах бөгөөд олон нийтийн дархлаажуулалтын кампанит ажлын ирцийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Үүнээс гадна, ирэх 7 дугаар сараас эхлэн вакцин тариулсан иргэдийг шашны байгууллагуудын цугларалтын хязгаарлалтаас чөлөөлөх гэнэ. Мөн эхний тунгаа тариулсан гэр бүлийн гишүүдийг наймаас дээш хүн нэг дор цугларахыг хориглосон дүрэм журмаас чөлөөлөх бөгөөд ахмад настнуудын халамжийн төвийн хязгаарлалтуудыг сулруулахаар болжээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмын мэдээлснээр ирэх 9 дүгээр сарын сүүлч гэхэд тус улсын иргэдийн 70 гаруй хувь нь эхний тунгаа тариулсан байх төлөвтэй байгаа бөгөөд тэр үед Засгийн газрын цар тахлын эсрэг арга хэмжээг бүрэн шинэчлэхээр төлөвлөж байгаа аж.

Тус улсын хоёр тунгийн вакцинжуулалтын хөтөлбөр нь энэ оны 2 дугаар сараас эхэлсэн бөгөөд ирэх 11 дүгээр сар гэхэд сүргийн дархлаад хүрэхээр зорьж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.