Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотод Тавдугаар цахилгаан станцыг барина
Засгийн газар өнөөдөр өргөтгөсөн ээлжит хуралдаанаа хийж, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хэлэлцсэн юм. Авто замын түгжрэл, орон сууцны дэд бүтэц, эрчим хүч зэрэг асуудлыг цогцоор нь анх удаа хэлэлцэв.
Сайд нарын мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтоолын төслийг танилцуулж, сайд нар болон хотын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Бид нар нэг зүйл дээр санал нэгдэх ёстой. Бидэнд Засгийн газар, хотын асуудал гэж байхгүй. Бидэнд нэг асуудал байгаа. Улаанбаатар хот энэ бүх асуудлыг дангаараа шийдэх боломжгүй. Засгийн газар эс хүссэн ч хүсээгүй ч хамтарч оролцох ёстой. Сайд нар салангид байдлын ойлголцлоо тэг тавих ёстой гэж хатуу үүрэг өгч байна. Бидний хандлагаас өөрчлөлт гарна. Миний хариуцсан асуудал биш юм чинь гэх юм бол энэ асуудал шийдэгдэхгүй. Өнөөдөр Улаанбаатарт тулгамдсан асуудал бол бүх яамны асуудал гэж ойлгох хэрэгтэй. Тэр байтугай аймгийн засаг дарга нарын асуудал. Аймаг хөгжих тусам Улаанбаатар хотын түгжрэл буурна. Засгийн газрын сар бүрийн хуралдаан дээр нийслэл хотын асуудлыг хэр шийдэж байгааг тайлагнана.
Улаанбаатар хот жилд 420 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ мөнгийг буцаад нийслэлд зарцуулах сорилттой Сангийн сайд тулгарч байна. Ингэхгүйгээр Улаанбаатар хоттой холбоотой энэ асуудал шийдэгдэхгүй. Хөрөнгө санхүү хүнд ч байгаа ч хотоос авсан татаасыг улсын төсвөөс гаргахаас өөр арга алга.
Ингээд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан суурь зургаан том асуудлыг тогтоол хэлбэрээр шийдлээ.
- Нийтийн тээврийг эрс сайжруулах, санхүүгийн хэлэлцээр хийх эрхийг Нийслэлд өгч байна. 30 хоногийн дотор нийтийн тээврийг сайжруулах эх үүсгэврийг хаанаас гаргахыг шийдэх хугацаа өгөв.
- Их тойруу хурдны зам тавигдана. Засгийн газраас замын бүтээн байгуулалт дээр Нийслэлд санхүүгийн эрхийг өгч байна.
- Эрчим хүчний сайд тавдугаар цахилгаан станцыг Улаанбаатар хотод барих саналыг тавьсан. Үүнийг дэмжиж байна. Учир нь дэд бүтцийн асуудлыг шийдэж байж, хотын эрчим хүч, дулааны хангамжийг хангаж чадна. Цаашлаад хот өргөжин тэлэх боломж бүрдэнэ.
- Улаанбаатар хотын захиргааг Яармаг руу гарах эсэхийг наадмын дараа шийднэ.
- Богд хаан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг дэмжинэ. Тус газарт нэг ч гэр хороололгүй хороолол байгуулах хэрэгтэй.
- Хөдөө орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгтэй. Иргэн, аж ахуйн нэгж хөдөө орон нутаг руу шилжин суурьшсан тохиолдолд татварын болон бусад ямар дэмжлэг үзүүлж болох талаар судалгааг гаргахыг Сангийн сайдад даалгаж байна. Дархан-Уул аймагт "Залуус" хорооллыг барих дэд бүтцийн хөрөнгийг шийдвэрлэхээр болсон. Үүнтэй уялдуулан үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүд нүүвэл ямар дэмжлэг үзүүлэх, ипотекийн зээлийг орон нутагт өгөх асуудал гээд уялдаа холбоотой асуудлыг боловсруулах хэрэгтэй гэлээ.
Шийдвэр гарна гэдэг нэг асуудал шийдвэрийг биелүүлнэ гэдэг том асуудал гэдгийг Ерөнхий сайд төгсгөлд дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.