LIVE: О.Цогтгэрэл: Намын гишүүд, дэмжигчдийг бидэн дээр ирж, нэгдэхгүй байхыг уриалж байна
Төв талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа УИХ дахь АН-ын бүлэг 13:00 цагийн ээлжит мэдэгдлээ хийлээ.
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "Бид өлсгөлөн суулт зарлаад тав дахь хоногтоо явж байна. Өчигдрөөс эхлээд хөл хорио суларсан хэдий ч цар тахлын үед халдвар тархах эрсдэл өндөр байсаар байгаа учир намын гишүүд, дэмжигчид болон бусад хүнийг бидэн дээр ирж, суултад нэгдэхгүй байхыг уриалж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар ажлын хэсэг байгуулан, ярилцаж байгаа. Бидний тэмцлийн цаана Монгол улсад хуулийн хэрэгжилт, шударга ёсны хэрэгжилт ямар байгаа вэ гэдэг асуудал л яригдаж байгаа.
Нэг намын дарангуйлал руу орж байгаа асуудлыг бид эрх баригчдад хүргэж байгаа болохоос намын дотоод асуудал биш гэдгийг дахин онцолмоор байна. Гэхдээ бас бодит байдал дээр сөргөлдөж байгаа тал маань өчигдөр ирж бидэнтэй уулзах гэж оролдсон. Энэ үеэр Э.Бат-Үүлийн биед халдсан асуудал гарсанд их харамсаж байна.
Гэхдээ үүнтэй холбоотой нэг зүйлд би тайлбар өгмөөр байна. Миний хувьцаа эзэмшдэг "Тэсо" компанийн хувцас бүхий хүний зураг тархах үед ажлаасаа буугаад явж байсан нэг залуу ирсэн юм байлгүй гэж бодон, хүлээцтэй хандсан. Гэвч тэнд ажилладаг 2,000 ажилтны дунд энэ хүний нүүр царайтай таарах хүн байгаагүй. Тэгэхээр өчигдрийн жагсаал цуглааныг зохион байгуулсан хүмүүс санаатайгаар тухайн компанийн нэр төрд халдаж, надтай холбох зорилгоор ийм зүйл хийсэнд харамсаж байна. Энэ асуудлыг хуулийн байгууллагад өгөн, шалгуулж байгаа" гэж мэдэгдэв.
АН-ын Бүлгийн Дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат: "УИХ дээр асуудлаа ярих боломжгүй болж байна. Өнгөрсөн баасан гарагт чуулган хуралдсангүй. Мөн сонгуулийн дараа байгуулагдсан Парламент дээр Ерөнхий сайд огт орж ирсэнгүй. Бид үнэхээр нэг намын дарангуйлалд орчихжээ. Одоо бид ингээд 13:00 цагийн мэдээллээ өгч байхад хүртэл олон нийтийн телевизүүд байхгүй байна.
Дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хууль ёсны дагуу, хараат бусаар хийхгүй байна. Нэг намын үүрэг даалгаврыг биелүүлж, захиалгат шийдвэрийг гаргаж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.