ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын аврагчид коронавирусийн цар тахалд нэрвэгдсэн үү
ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын аврагчид марш тактикийн тэмцээнд оролцохоор орон нутгаас Улаанбаатарт ирж бэлтгэл сургуулилт хийж байх үедээ олноороо коронавирусийн халдвар авсан болохыг эх сурвалж хэллээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар одоогоор Үндэсний аврах бригадын 17 аврагч коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон гэв.
Хамгийн ноцтой нь Үндэсний аврах бригадын аврагчдаас халдварын батлагдсан тохиолдол олноор илэрсээр байхад нэгдүгээр зэргийн хавьтагчдыг тусгаарлахын оронд бүх аврагчдыг хооронд нь холилдуулж, өдөртөө мод чулууны ажил хийлгэж, хоол ундыг нэг дор өгөх зэргээр эрүүл алба хаагчдаа эрсдэлд оруулж буйд гомдолтой байгаагаа эх сурвалж хэлсэн юм.
Мөн ОБЕГ-ынхан Үндэсний аврах бригадын алба хаагчдыг өнгөрсөн жилээс эхлэн коронавирусийн цар тахлын голомтод ажиллуулж байгаа атлаа онцгой байдлын урамшуулал, гал усны гамшиг дуудлагад ажилласан томилолтыг олгохгүй хохироож байгаа гэдгийг ч тэрбээр нэмж хэллээ. Үндэсний аврах бригадын аврагчид ОБЕГ руугаа хандаж, нэмэгдэл цалин, гамшигт үзэгдэлд ажилласан томилолтыг нь яагаад олгохгүй байгааг нь асуухад “Ерөнхий газраас бүх нэмэгдэл урамшууллыг нь бодоод шилжүүлсэн байгаа. Та бүхнийг хариуцсан Бригадын генералаасаа наад зүйлээ нэх” асуудлыг өөрсдөөсөө холдуулж байгаад гомдолтой байгаагаа хэлж байнаа.
Уг ноцтой асуудлыг ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын захирагч, Хурандаа Д.Намсрайгаас тодруулахад “Ганц нэг хүнээс коронавирус илэрсэн асуудал бий. Гэхдээ мод, чулууны ажил хийлгээд хооронд холиод байсан зүйл байхгүй. Онцгой байдлын алба хаагчид чинь эх орныхоо төлөө ажиллах тангараг өргөсөн цэргийн хүмүүс. Тэдний нэмэгдэл цалин, томилолтын мөнгийг дор дор нь бодож олгодоггүй. Улирлаар, хагас жилээр нь бодож олгодог. Саяхан алба хаагчдын нэмэгдэл цалин, урамшууллыг Засгийн газраас шийдэж өгсөн байгаа. Харин тэр мөнгийг нь бид бодоод энэ долоо хоногтоо багтаан олгох ажлыг хийнэ” гэх тайлбар өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.