"Никитон"-ы Б.Батчулууны ярьсан "онигоо"-г нарийвчлан шалгуулахаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол прокурор баталжээ
"Никитон" хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун болон дуучин С.Сэрчмаа нар олон нийтийн сүлжээнд шууд бичлэг хийх үеэрээ бусдыг хүчирхийлсэн гэмт хэргийн шинжтэй зүйлийг онигоо байдлаар цацсан нь иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлсэн билээ. Энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгаад хаах санал гаргасан байна. Харин прокурорын байгууллага хаахаас татгалзлаа.
Дуучин Б.Батчулууны С.Сэрчмаатай энэ сарын 9-нд хийсэн шууд бичлэгийн үеэр ярьсан "онигоо"-г шалгуулахаар МБА-наас Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст харьяаллын дагуу шилжүүлсэн аж. Уг "онигоо"-нд ярьсан үйл явдал Налайх дүүргийн VI хорооны нутаг дахь нэгэн амралтын газарт болсон аж. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал энэ сарын 14-нд тус дүүрэг дэх Прокурорын газарт хүргүүлжээ. Хяналтын прокурор нь үүнтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дахь хэсэгт заасан "Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа, эсэхийг тогтоох шаардлагатай бол үзлэг хийх, шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах, хохирогч, гэрчээс мэдүүлэг авах" зэрэг мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзээд нэмж шалгуулахаар болсон төдийгүй энэ сарын 15-нд Эрүүгийн хуулийн 12.1-1 дэх хэсгийн "Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн" гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.