Халдвар тархах нөхцөл байдал үүсгэсэн хэмээн иргэн Д.Мөнхбатыг яллагдагчаар татжээ

“Энхсаран” сувилал халдварын голомт болсон талаар бичлэг хийж олон нийтийн сүлжээнд цацсан иргэн Д.Мөнхбатыг “Үзэл бодлоо илэрхийлж, үнэнийг хүмүүст хүргэсний төлөө яллагдагчаар татсан” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархах болсон. Өөрөөр хэлбэл, шүгэл үлээснийх нь төлөө яллагдагчаар татлаа хэмээн хүмүүс үзэл бодлоо илэрхийлэн шүүмжилж байгаа.

Хэргийг шалгаж, хянаж буй цагдаа, прокурорын байгууллагын эх сурвалжуудаас чухам ямар үндэслэлээр иргэн Д.Мөнхбатыг яллагдагчаар татсаныг тодруулахад “Эрүүгийн хуулийн 15.6-1 дэх хэсэгт заасан “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусийг халдаасан” байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсаныг хэргийн холбогдогч өөрөө нийгэмд буруу ташаа ойлголт өгөхүйц байдлаар цацаж байна. Иргэн Д.Мөнхбатыг гадаадаас ирмэгц “Энхсаран” сувилалд тусгаарласан. Энэ үед халдвар хамгааллын дэглэм зөрчиж, иргэдийг өдөөн турхирсан үйл ажиллагаа явуулсан нь тус сувиллын хяналтын камерын бичлэгт үлдсэн. Магадгүй ийнхүү өдөөн турхирснаас нь болж бусдад вирус халдварласан байж болзошгүй гэж үзээд яллагдагчаар татсан. “” хэмээсэн юм. Халдвар хамгааллын дэглэм зөрчиж, бусдад вирус тархах нөхцөл байдал бий болгосон үндэслэлээр Д.Мөнхбатаас гадна 3-4 хүнийг буруутгаж буй бол онцгой байдал, мэргэжлийн хяналт, эмч, сувиллын эзэн тэргүүтнийг Эрүүгийн хуулийн 23.5-1 дэх хэсэгт заасан албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан аж. Бидэнд олдсон мэдээллээр Д.Мөнхбат дээрх сувиллын гуравдугаар давхарт орших тусгаарлагдсан өрөөнөөсөө гарч, нэгдүгээр давхарт бууж ирэн хүмүүстэй амны хаалтгүй уулзаж, өрөөнүүд дамжин хэсэж халдвар хамгааллын дэглэм зөрчсөн бичлэгийг нь нотлох баримтаар хууль сахиулагчид бэхжүүлж аваад, хавтаст хэрэгт нь хавсаргасан гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.