СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-20

Өнгөрсөн долоо хоногт болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас дараах хохирлууд учирчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Энэ сарын 18-ны байдлаар Завханы нутаг, Увс, Говь-Алтай, Төв аймгийн хойд, Баян-Өлгий, Ховдын өмнөд, Архангайн баруун, Булганы зүүн, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнодын зарим газраар 1-13 см зузаан цасан бүрхүүлтэй болжээ.

Үүнээс хамгийн их нь Увсын Тэс 13 см, Улаангом, Зүүнговь, Хөвсгөлийн Цагааннуур 12 см, Баян-Өлгийн Даян, Увсын Сагил 10 см, Түргэн 9 см, Давст 8 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Баян-Өлгийн Дөчинжил 7 см, бусад нутгаар 1-6 см зузаан цастай байна.

Энэ сарын 13-15-ны өдрүүдэд салхи ихэнх нутгаар секундэд 16-24 метр, зарим үед секундэд 32-40 метр хүрч, шороон болон цасан шуурга 01-10 цагийн хугацаатайгаар шуурч цаг агаарын аюултай, гамшигт үзэгдэл болсон.

- Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 12 аймгийн 51 суманд нийт 706 хүн төөрч, сураггүй болсон ба үүнээс 696 хүнийг эсэн мэнд олсон, Архангай аймагт 1 хүүхэд, Дундговь аймагт 9 хүн (үүнээс хүүхэд 1), нийт 10 хүн нас барсан.

- Хүчтэй салхи шуурганы улмаас 3 дугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 дугаар агаарын шугамын 216 дугаар тулгуур багана (Увс аймгийн Улаангом сумаас баруун тийш 90 км) унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан.

- Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийж, дээрх 3 аймгийн онцгой хэрэглэгчдийг цахилгаанаар хангасан. Унасан тулгуур баганыг босгох ажлыг "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, "Увс ЦТСүлжээ" ХХК-ийн 68 инженер техникийн ажилтан, 13 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэн, 3 дугаар сарын 16-ны өдрийн 02:13 цагт сэргээн босгож цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт хэвийн горимд шилжсэн.

- Урьдчилсан байдлаар 140 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Нийт 16 аймгийн 154 суманд 531 гэр, 2244 хашаа саравч нурж, 283 байшингийн дээвэр хууларч, 2542 толгой мал хорогдсон урьдчилсан дүн гарчээ.

- Байгалийн гамшигт үзэгдэл болохын өмнөх өдрийн байдлаар /2021.03.12/улсын хэмжээнд нийт 674.6 мянган толгой мал хорогдсон, үүнээс Баянхонгор аймагт хамгийн их буюу 344.9 мянган мал хорогдсон дүнтэй байжээ. Харин энэ сарын 13-15-нд нийт нутгийг хамарсан байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хичнээн тооны мал хорогдоод байгааг хараахан эцэслэж тоолоогүй байна. 

Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх 4-5 дугаар сард агаарын дундаж температур зүүн болон говийн аймгуудаар олон жилийн дунджаас дулаан байх бол бусад нутгаар дунджийн орчим байх, хур тунадасны хувьд Хангайн нуруу болон Их нуруудын хотгороор олон жилийн дунджаас бага, 5 дугаар сард төв, зүүн болон говийн бүсийн зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Мөн 4 дүгээр сард ихэнх нутгаар хүчтэй салхилж, салхины хурд зарим газраар 15 м/с–ээс дээш болж ширүүсэн шороон шуурга шуурах болзошгүй бөгөөд 5 болон 6 дугаар сарын эхээр хуурайшил ихтэй байх төлөвтэй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.