LIVE: Т.Ганболд: Улс төрчид гудамжнаас айдаг
"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд "Хонгилын шүүгч" нарын тухай ийн ярьж байна. Тэрээр "худалдагдсан хууль шүүхийн байгууллагуудаа зөв шийдэлд оруулахгүй бол иргэний дайн үүсдэг жишигтэй" хэмээн өгүүлж байна.
"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд:
-Хууль, шүүхийг улс төрчид гартаа оруулж, систем үүсгэсэн нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн үеэс эхтэй. "Эрдэнэт"-ийн Ш.Отгонбилэг гэж хүн өөрийн найзыгаа Ерөнхийлөгчөөр тавиад, өмгөөлөгчөөрөө ажиллаж байсан Ц.Зоригтыг шүүгчээр тавьсан. Энэ үеэс хойш үе үеийн улс төрчид энэ системийг улам боловсронгуй болгосон. Ерөнхийлөгч болонгуутаа Ц.Элбэгдорж Ц.Зоригтыг Улсын ерөнхий шүүгч болгосон. Энэ хүн ХХБ-ны "Сахал" Д.Эрдэнэбилэгийн үүдний өрөөнд, өвдөг сөгдөөд сууж байдаг байсан хүн шүү дээ. Одоо УДШ-таа ажиллаж л байна.
Тэгэхэд Д.Эрдэнэбилэг Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд энэ улсын өнгөтэй, өөдтэй бүгдийг хувьчилж авсан. Ц.Зоригтын ойр тойрны бүх хүн Д.Эрдэнэбилэгээс тэжээгддэг байсан. Ц.Зоригтын доор маш олон шүүгч тэр бүх хууль бус үйл ажиллагааг гардан хийсэн. Дандаа но-той шүүгч нарыг дээд тушаалд дэвшүүлсэн. Тэд нар нь яг л манкурт шиг өөрийн толгойгүй ажилладаг байсан. Энэ бол манайхны нэрлэгдгээр "хонгил", олон улсын хэллэгээр мафи шүү дээ.
Ц.Элбэгдорж АН-ын дарга асан, өөрийнх нь Тамгын газрын дарга байсан Д.Дорлигжавыг УЕП-оор тавьсан. Б.Хурц тэгэхэд Европоос хүн хулгайлж авчирч байсан. Авчраад ирэнгүүт нь Б.Хурцыг АТГ-ын дэд дарга болгож байсан. АТГ-ын дэд дарга бол мөрдөн шалгах хэлтсээ толгойлдог хүн шүү. Энэ хүмүүсийг тавьж мөнгө хийдэг, өрсөлдөгчөө намнадаг байсан. Эрүүдэн шүүгээгүй гээд байсан хүмүүсийн бичлэг дэлгэгдээд байна. Цаг хугацаа хамгийн том гэрч байдаг.
-Та 2011 онд цагдан хоригдож, сүүлд нь 4 сая ам.доллар төлж суллагдаж байсан?
-Одоо НПГ-ын орлогч дарга Ц.Насанбат гэдэг хүн "хэргийн оролцогч биш" гээд миний хэргийг хаасан шүү дээ. Авлига авсан баримт гаргаж өгөхөөс өөр яах юм бэ?! Үүнээс илүү ямар баримт надаас шаардаад байгаа юм бэ. Эрх зүйт төртэй улсын албан тушаалтан ингэж хэрэг хаах юм бол өнөөдөр шоронд байх ёстой. Гэтэл энэ хүн албан тушаал дээрээ хэвээр байна. Дээр нь том эрх мэдэлтэн байгаа учраас энэ хүн ингэж зоригтой дуугарч, хийж явна.
Лифтэнд байгаа шүүгч нарын тухай ШЕЗ-өөс ямар тайлбар гаргасныг харсан уу? Гомдол ирээгүй учир шалгахгүй гэнэ. Ийм улс хөгжих үү? Шүүгч нарын 90 хувь нь цалингаараа амьдарч байгаа. Бусад нь ялзраад байна. Найман УИХ, таван Ерөнхийлөгч солигдоод энэ бүхэн өөрчлөгдөөгүй байна. Өөрчлөгдөөгүй байгаа нь энэ хүмүүс бүгд албан тушаал дээрээ байгаагаас харагдаж байна.
-2017 оноос хойш байдал өөрчлөгдсөн үү?
-Шударга бус байдлын төлөө Сүхбаатарын талбай дээр гарч тэмцсэн. Сонгуулиар "Монгол ялна" гэж хөөрцөглөж байсан. Гэтэл одоо бүх зүйл "Голомт"-ын Баясгалан руу шилжчихлээ. 1.2 тэрбум ам.долларын төмөр замын гэрээг ямар ч тендергүйгээр "Голомт"-ын Баясгалан авсан. Энэ хүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг танихгүйгээр энийг авч чадахгүй шд. Ерөнхийлөгчтэй ойрхон байхгүйгээр авч чадахгүй шүү дээ.
Ард түмэн энэ бүхнийг ухаарах хэрэгтэй. Эрх мэдэл нэгээс нөгөө рүү шилжсэнээс өөрчлөгдөн, алга болоогүй байна. Улс төрчид гудамжнаас айдаг. Шударга бус байдал, мафийн эсрэг ард түмэн тэмцэх ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.