Сергей Лавров: "Энх тайвныг хүсэж байвал дайнд бэлд"
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг баривчилж, хорьсонтой холбогдуулан Европын Холбооноос тус улсад хатуу хориг арга хэмжээ авахаар зэхэж байгаа. Тэгвэл энэ тохиолдолд ОХУ-ын зүгээс хариу цохилт хийхэд бэлэн байгаа гэдгийг улсын эрх баригчид мэдэгджээ.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өгсөн ярилцлагадаа Европын Холбооноос ОХУ-д эдийн засгийн хатуу хориг тавих юм бол Москвагийн тал тус холбоотой харилцаагаа таслахад бэлэн байгаа гэж мэдэгдсэн юм.
Лавров "Хэрэв тус холбооноос манай эдийн засагт, тэр дундаа хамгийн эмзэг салбаруудад эрсдэл учруулах хориг арга хэмжээг дахин авах юм бол манай улс сөрөг арга хэмжээ авна. Оросууд өөрсдийгөө даяаршсан амьдралаас тусгаарлахыг хүсэхгүй байгаа хэдий ч бид үүнд бэлэн байх ёстой. Хэрэв энх тайвныг хүсэж байвал дайнд бэлд" хэмээсэн байна.
ЕХ-ны хоригийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины холбоотнуудад аяллын хориг тавьж, хөрөнгийг нь царцаах зэрэг арга хэмжээг авах магадлалтай. Франц, Герман улсууд ОХУ-ын эсрэг эдгээр арга хэмжээг авахад бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа бөгөөд энэ сараас эхлэн хэрэгжүүлж магадгүй юм.
Энэхүү түргэвчилсэн хориг арга хэмжээ нь Москвагийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Герман, Польш, Шведийн дипломат ажилтнуудыг улсаасаа албадан гаргасантай холбоотой. Тухайн үед Москвад айлчилж байсан ЕХ-ны Гадаад бодлогын дарга Жозеп Боррельд энэ талаар огт мэдэгдээгүй байна.
Боррель энэ долоо хоногийн эхээр айлчлалаасаа буцаж ирээд, Европын парламентад үг хэлэхдээ "ОХУ Европтой харилцаа холбоогоо тасалж, Барууныг хуваахыг хүсэж байгаа нь нотлогдсон. Кремль ардчиллыг "оршин тогтнолын аюул" гэж үздэг. Оросын Засгийн газар аюултай авторитар дэглэмийн замаар явж байна. Тус улсад ардчиллын хувилбаруудыг хөгжүүлэх орон зай бараг байхгүй бөгөөд тэд ийм төрлийн оролдлогыг зогсооход өршөөлгүй ханддаг" хэмээн ярьжээ.
Харин Сергей Лавров өнгөрөгч даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ "Гэхдээ энэ нь ОХУ Европын Холбооны гишүүн орнуудтай тогтоосон харилцаанаасаа ухарна гэсэн үг биш. Европыг Европын холбоотой хольж хутгаж болохгүй. Европын тухай ярих юм бол бид хаашаа ч явахгүй. Бид Европт олон найз нөхөдтэй" хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: Voice of America, NPR, Reuters
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.