LIVE: "Тоёоко-Инн" зочид буудалд очсон эрүүл хүн халдвар авчээ

02-р сарын нэгэнд "Тоёоко-Инн" зочид буудалд тусгаарлагдсан 250 хүний 31-ээс халдвар илэрсэн. Тухайн иргэд "Тоёоко-Инн" зочид буудалд байхдаа халдвар авсан гэж үзэж байна. Уг асуудлаар бид нэгэн иргэнтэй холбогдож мэдээлэл авлаа.

Иргэн Н:

-Нэгдүгээр сарын 25-ны өдөр ажлын хүнээс халдвар илэрсэн. Манай ажлынхан маргааш, нөгөөдөр нь шинжилгээ өгсөн. Бидний хариу сөрөг гарсан. Гэхдээ биднийг нэгдүгээр хавьтал гэж үзээд Тоёоко-Инн зочид буудалд 7 хоног тусгаарласан. Тэнд хоёр удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан.

Гарахынхаа өмнөх өдөр би халуураад байсан учир "би гармааргүй байна, гэртээ харимааргүй байна. Эрсдэлтэй байх шиг байна" гэдгээ эмчдээ хэлсэн ч намайг хүчээр, хөөж туугаад шахуу гаргасан. Гарахаасаа өмнө би шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариугаа авч амжаагүй байхад буудлаас гаргасан.

Гэртээ ирээд байж байтал ХӨСҮТ-өөс яриад “та халдвартай гарсан байна. Одоо очиж авна. Гэрийнхнийг чинь тусгаарлана” гэсэн. Одоо намайг Яармагийн эмнэлэгт, гэрийнхнийг маань зочид буудалд тусгаарласан. Би буудалд ес хоносон, энд ирээд найм хонож байна.

Онцгой байдлын газрын ажилтан бол бүр нэрээ хэлэхгүй, миний асуудлыг шийдвэрдэх нь байтугай “Яг яалгах гээд байгаа юм. Ямар арга хэмжээ ав гээд байгаа юм” гээд өөдөөс загнаж байх жишээний.

Хэн ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй, хэн ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй. Над шиг хохирсон олон иргэн байгаа байх. Энэ мэтээр ямар ч асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа нь харамсалтай гэж ярилаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.