УИХ-ын Т.Аюурсайхан нарын 20 гишүүн Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэг байгуулжээ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Н.Ганибал, С.Ганбаатар нарын 20 гишүүн Оюутолгойн гэрээг сайжруулах Ажлын хэсэг байгуулжээ. Тэд Засгийн газраас байгуулагдсан Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэгтэй хамтран ажиллах бөгөөд татвар, үйлдвэрийн явц, хөрөнгө оруулалт, байгаль орчны зэрэг асуудлуудын хянах, нягтлах, уг ажлыг хурдасгах зорилгоор байгуулагдаж байгаа ажээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Оюутолгойн гэрээ, үүнийг дагасан далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу Дубайн гэрээ Монгол улсын эрх ашгийг хангаж чадахгүй байна гэдэгтээ бид санал нийлж байна. Оюутолгойг ухаад дуусахад манай улс нэг ч ам.долларын ашиг авахгүй, харин 22 тэрбум төгрөгийн өртэй үлдэх болоод байна. Тиймээс бид Ажлын хэсэг байгуулж гэрээг засаж, залруулах ёстой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Загсийн газарт үүрэг өгсөн. 12 жил болоход нэг нь ч хэрэгжээгүй. Тиймээс дан ганц Оюутолгой ашиг олдог бус, Монголын тал ч ашиг хүртдэг байх ёстой гэж үзэн Ажлын хэсэг байгууллаа.
Анхны хөрөнгө оруулалт 2,1 тэрбум байсан, сүүлдээ 4,5 тэрбум болсон. Гэтэл өнөөдөр бараг 10, 20 тэрбум болоод явж байна. Монголын авч буй ашиг, үр өгөөж юу билээ. Бид Оюутолгойг жилдээ ямар ашиг олж байгааг нь ч мэдэхгүй, хаалттай явж ирлээ. Ийм тэгш бус бизнесийн зарчим гэж байхгүй.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Рио Тинтогийн нүүр царай цаг хугацааны шалгуураар танигдаж, үнэнд гүйцэгдлээ. Энэ гэрээ бол зээлжих, хүүжих, нийлмэл хүүгээр, хүүн дээр хүү бодсон эдийн засгийн мөлжлөг байсан. Тийм учраас Монгол улс улсын төсөвтөө оруулж буй татвараасаа илүү өртэй үлдэхдээ тулаад байна. Тиймээс УИХ-ын 20 гишүүн нэгдэж Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэг байгуулж, ажиллахаар шийдээд байна.
-Шаардлагатай бол Оюутолгойн гэрээг цуцлах саналыг УИХ-д оруулна гэж ойлгож болох уу?
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ маш ойлгомжтой. Монголд ямар ч ашиггүй. Анх байгуулж байх үед Монгол Улс 2022 онд ашиг авах байсан бол 2037 он, түүнээс цааш ашиг хүртэх талаар яригдаж эхэлсэн. Харин хөрөнгө оруулагчид төсөл нь өөрөө алдагдалтай мэт болгож санхүүгийн болон менежментийн хөөсөрсөн зардлаар ашгаа аваад байна.
2009 онд гэрээ байгуулахад УИХ-ын 40,57-р тогтоолоор гэрээ байгуулах нөхцлийг тогтоож өгсөн. Гэвч энэ тогтоолуудыг хэрэгжүүлээгүй. Тиймээс гэрээг тогтоолд нийцүүлж, өөрчлөх ёстой. Хуульд нийцээгүй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс уг хууль бус гэрээг хуульд нийцүүлэх ёстой, Монголын эрх ашигт нийцүүлэх ёстой. Хуульд нийцүүлэхгүй гэвэл цуцлах ёстой.
Харин ямар зарчмаар авах үр ашгаа нэмэгдүүлэх, сайжруулах вэ гэх мэтийн асуудлуудыг Ажлын явцад илүү тодорхой болгоно. Энэ ажлын явцад ханшны савлагаа үүсч, эдийн засаг доголдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид дааж, давшгүй өртэй үлдэж болохгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.