LIVE: Ж.Энхбат: Нэг ширхэг N95 маскийг 20.000 төгрөгөөр хууль бус тендерээр НЭМГ худалдаад авчихлаа
Зах зээл дээр 1500-3500 төгрөгөөр худалдаалагддаг N95 маскийн нэг ширхэгийг 20 000 төгрөгөөр худалдан авах 400 сая төгрөгийн тендерийг НЭМГ-аас зарлан, олны хэл амнаас үл эмээн өчигдөр шалгаруулсан талаар НИТХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Ж.Энхбат мэдэгдэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт гомдол хүргүүлж байгаа талаараа мэдээлэл өгөв.
НИТХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Ж.Энхбат:
-Энэхүү гомдлыг иргэн хүний хувьд гаргаж байна. НЭМГ-аас нэг бүрийн үнийг нь 20 000 төгрөгөөр тооцож, 20 мянган ширхэг N95 маскийг худалдан авах тендер зарласан.
Нэгд, хэт өндөр үнийн дүнтэй. Монголд энэ төрлийн амны хаалт үйлдвэрлэж байгаа таван компани үйл ажиллагаа явуулж байна. N95 маскийг 1500-3500 төгрөгөөр зах зээлд нийлүүлж байна. Гэтэл энэ тендер нэг бүрийг нь 20 000 төгрөгөөр авъя гэж байна. Энэ бол хууль бус үйл ажиллагаа.
Хоёрт, баасан гарагт зарласан тендерээ даваа гарагт шалгаруулна гэсэн байна. Энэ бол нэг компанийг шалгаруулах ажиллагаа гэж би иргэн хүний хувьд хардаж байна. Үндсэндээ амралтын хоёр өдөрт тендерийн материалыг бүрдүүлнэ гэдэг бусдад нь хүнд шүү дээ. Иймд би энэхүү тендерийг цуцлах гомдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засаг дарга Д.Сумъяабазарт хандан гаргаж байна.
-Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэхүү тендерийг буцаах үүргийг өгсөн шүү дээ?
-Тендерийн хороо шийдвэрээ цуцлаагүй. Д.Сумъяабазар даргын тэр яриа бол зүгээр л иргэдийг тайвшруулсан, хуурсан ажиллагаа болсон. Би сайт руу нь орж үзсэн. Тэнд шалгаруулалтыг цуцалсан тухай ямар ч мэдээлэл байхгүй байна. Тэгэхээр өчигдөр энэхүү хууль бус, хэт өндөр үнийн дүнтэй ажлаа хийсэн гэсэн үг. Иймд үүнийг цуцлах шаардлагатай.
Энэ бол та бидний торгуулиар бүрдүүлж өгсөн төсөв. Бидний мөнгийг ингэж үр ашиггүй зарцуулж болохгүй. Дотоодын таван компанидаа захиалаад хийлгүүлсэн бол хичнээн хүн ажлын байраар хангагдах байсан бол...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.