LIVE: C зөвшөөрөлд барьцаалагдсан нүүрс тээврийн жолооч нар 3-12 сар машиндаа амьдарч байна
Нүүрс тээврийн жолооч нарын ээлж солилт хийгдэхгүй байгаагаас үүдэн 1500 орчим жолооч зээлийн төлөлтөө гүйцэтгэж чадахгүйд хүрч, идэх хоолгүй, түлэх түлээ нүүрсгүй болжээ. Харин хилийн боомт дээр байгаа жолооч нар машиндаа 3-12 сар амьдарч цаашид тэсэхэд бэрх болоод байгаа аж.
Тээврийн жолооч С.Сүхдалай:
Шивээ хүрэн боомтод байгаа жолооч нарыг гэртээ буцах гэхээр компаниуд нь С зөвшөөрлөөс болоод явуулахгүй, эндээс очих ээлжийн жолооч нарын нэрийг жагсаалтад оруулахгүй байгаа. Хятадууд нь ээлжээ солих хүсэлт гаргаж машиндаа хоног төөрүүлж байгаа жолооч нарт нэг удаа ачаа тээвэрлэх хөлсийг нь нэмж гуравдугаар сар хүртэл байж бай, тэс гээд байлгаж байгаа гэсэн. Тэнд машиндаа жил амьдрах хэцүү шүү дээ. Усанд орохгүй, халуун хоол олдохгүй, унтах ч газаргүй.
Миний хувьд ээлжиндээ явж чадахгүй 4 сар байна. Энд байгаа жолооч нар бүгд ажилгүй, бүгд зээлэндээ даруулаад, зарим нь Монгол банкинд хар тамга даруулчихсан байгаа. Одоо хоол ундны асуудал яригдаад эхэлчихсэн байна.
"Баянзам тээвэрчдийн холбоо"-ны дарга П.Баярхүү:
Тээврийн жолооч нарын ээлж солих журам гаргаж өгөхийг бид УОК, Зам тээврийн яамнаас маш их хүссэн. Гэтэл хоёрдугаар сарын 02-нд нэг журам гарсан нь Өмнөговь аймгийн засаг даргын л журам. Энд ажилдаа явж чадахгүй байгаа нь, тэнд гэртээ ирж чадахгүй байгаа жолооч нар энд тэндэхийн баахан журам, дүрэм дунд хохирсоор байна.
Уул уурхайн ажилчдын ээлж солилцох журам гарсан ч тэнд нь “туслан гүйцэтгэгч” гэсэн хоёр үг л манай тээврийн жолооч нарт хамаарч байгаа. Энд нь жолооч нар багтаж байгаа юм уу үгүй юм уу мэдэхгүй.
Дээр нь аймаг бүр өөр журамтай, нэгдсэн зохион байгуулалтгүйгээс болоод маш их хууль зөрчсөн үйлдэл гарч байна. Жишээ нь: Жолооч нар хотод байхдаа ПСР шинжилгээ авах цэгүүд дээр үнэгүй шинжилгээ өгч явж байснаа ээлжийн ажилдаа явах болохоор үнэтэй шинжилгээ өгөх ёстой болчихдог. Тэр мөнгөө өөрөө төлдөг.
Тэгээд УОК-ийн журмаар тээврийн компани бүр эмчтэй байна гэсэн байгаа. Гэтэл Цагаан хаданд 90 компани ажиллаж байна. Тэгээд 90 эмч оччихсон байж байх юм байна л даа. Хэзээ ч тийм юм байхгүй. Харин нэг эмч оччихсон мөнгөөр дүгнэлт бичиж өгөөд явж байгаа байхгүй юу. Ийм мэдээлэл бидэнд ирсэн. Хөрсөн дээр буусан шийдвэр журам байхгүй байгаагийн жишээ энэ байна.
Тээврийн жолооч Д.Мөнхтунгалаг:
Би 11 жил тээврийн жолооч хийж байгаа. Одоо гэртээ дөрвөн сар гацаад байна. Санхүүгийн хямралд ороод, амьдрал хэцүүдэж байна шүү дээ. Тэгээд эндээс явж болно гэх юм. Тэгснээ Өмнөговь аймгийн энэ журмаар орон нутгийн жолооч нарыг авахгүй гэсэн байх юм. Дээр нь компани тэнд байгаа ядарч туйлдсан жолооч нарыг үхээд ч хамаагүй гуравдугаар сар хүртэл тэсэж бай, С зөвшөөрөл гарахгүй гэж ээлжийн жолооч нарын нэр өгөхгүй байгаа шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.