СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-08

САЙН МЭДЭЭ: Хөл хорио тогтоосноос хойш хүүхдийн хүчирхийлэл эрс буурчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Манай улс хатуу хөл хорионы дэглэмд шилжээд 26 хонож байна. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл эрс буурсан сайн мэдээтэй байна. Энэ талаар манай сурвалжлагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ж.Азжаргалтай уулзаж ярилцлаа.

ГБХЗХГ-ын мэргэжилтэн Ж.Азжаргал:

Бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжсэнээс хойш хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл эрс багассан. Хоногт 280-300 орчим дуудлага тогтмол ирж байгаа. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурсан ч зөвлөгөө мэдээлэл авах тохиолдол эсрэгээрээ ихэссэн. Тухайлбал, коронавирусийн үед түгшүүр айдастай байна, хүүхэдтэй хэрхэн харилцах вэ гэх мэт асуудлаар их зөвлөгөө авсан.

Мөн хоол, хүнс тэжээлийн тусламж шаардлагатай байгаа талаарх хүсэлт их ирж байна. Ээж, аав нь өөр газар хөл хорионд орсноос үүдэж хүүхдүүд харж хандах хүнгүй их үлдсэн байна.

Улсын хэмжээнд 2400 хүүхэд, 4000 орчим иргэн, 1960 айл өрхөд буюу нийт 7700 гаруй иргэнд манай байгууллага тусламж үйлчилгээ үзүүлсэн. Орон нутаг, сумдад тусгаарлалтад орсон иргэдэд сумын хамтарсан баг тусламж үзүүлж байна. Аймагт хүүхэд хамгааллийн хөгжлийн багийн ажилтнууд ажиллаж байна.

-Цар тахалтай холбоотойгоор бага насны хүүхдийг ялгаварлан гадуурхах хандлага хэр байна. Жишээ нь ээж нь халдвар авсан орцны жижүүрийн хоёр хүүхдийг гэрт нь оруулахгүй хэмээн хөөж туусан тохиолдол гарсан?

-Одоогоор энэ төрлийн нэг л дуудлага буюу таны хэлсэн дуудлага ирсэн. Энэ жишээн дээр БЗД-ийн хэлтэс шуурхай ажиллаж, хүүхдүүдэд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлсэн. Ээж нь дунд хүүхэдтэйгээ эмчлэгдэж байна. Цаашид тухайн гэр бүлийн нөхцөл байдалд яаж анхаарч ажиллах вэ, тэд эмнэлгээс гараад хаана амьдрах вэ, орон гэрийг нь яаж шийдэх вэ гэх чиглэлээр Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтраад ажиллаж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл буурснаар танай хамгаалах байрны үйлчилгээ 50 хувиар ачаалал нь буурсан гэсэн үү?

-Хоногт дунджаар 110-120 гаруй үйлчлүүлэгчтэй хонож байна. Энэ нь ачаалал 50 хувиар буурсан гэсэн үг. Хоногт үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн 90 хувь нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон насанд хүрсэн хүн 10 хувьтай байна. Цаг хугацааны хувьд үйлчилгээг тасалдуулаагүй. Гэхдээ бага насны хүүхдийг буцааж өгөхөд гэр бүл нь бэлэн байна уу, эрсдэл нь буурсан уу гэдэг дээр анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байдаг. Үйлчилгээ үзүүлэх, гэр оронд нь очиж ажиллах, судлах гэх мэтээр ажиллахад хөл хорио тогтоосон эхний долоо хоногт хүндрэлтэй байсан. Одоо хэвийн болсон. Цаашид гэр бүлийн хүчирхийлэл тодорхой хувиар буурсан ч далд байгаа хүчирхийллийг бүрэн буулгах ёстой. Үүнд иргэдийн мэдээлэл болон хөршийн оролцоо нэн чухал. 

Халдвар авсан иргэнийг гадуурхах байдал нэмэгдлээ шүү дээ. Иргэд маань хамтран ажиллах талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хэн ч ийм өвчнөөр өвчилж болно. Тийм учраас бусдыгаа бүү ялгаварлан гадуурхаач гэж онцгойлон хүсэж байна.

-Ялгаварлан гадуурхалтад өртсөн хүүхдийн сэтгэл зүйд удаан хугацааны дарамт үлдэх үү?

-Янз бүрийн шалтгаан байна. Ковидоос иргэд яаж өөрсдийгөө урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд яаж эмчлэгдэх гэх мэт мэдээлэл муутай байна. Ялангуяа би халдвар авчихвал бусад нь надад яаж хандах бол гэх мэтээр мэдлэг мэдээллээ сайжруулах хэрэгтэй байна.  Хүүхэд ийм тохиолдлыг маш эмзэг хүлээж авна. Цар тахал дууссан ч хүүхдэд насан туршийн эмгэг болж үлдэх вий. Энэ чинь хүний эрхийн асуудал. Эрхийг нь зөрчөөд байж болохгүй. Манай байгууллага утсаар сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа. Иргэн өөрөө хүсвэл энэ үйлчилгээг аваарай.

Хүүхдийн тусламжийн утасны пэйжээр чатбот үйлчилгээг үзүүлдэг. Сүүлийн 14 хоногт насанд хүрэгчид бас их хандаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.