АН: Ерөнхийлөгчийн санаачилга сая төгрөгийн эрхийн бичгийг дэмжин ажиллана
Ардчилсан намын улс төрийн зөвлөл өнөөдөр /2020.11.28/ хуралдлаа. Танхимын болон цахимаар зохион байгуулсан хурлаар намын дотоод асуудлаас гадна улс орны өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хуралдаанаар, Covid-19 цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа халдвар, хамгааллын асуудал, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд “бай”-гаа онож байгаа эсэх, хатуу хөл хориотой холбоотойгоор эдийн засаг хүндэрч байгаа энэ цагт жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих оновчтой шийдэл санал болгох, дундаж давхаргаа хамгаалан үлдэхэд чиглэсэн бодлого боловсруулан ажиллахыг шаардах зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна.
Түүнчлэн эмзэг бүлэг, тусламж хэрэгцээтэй байгаа олон мянган иргэдэд бодит дэмжлэг болгох үүднээс хандивын аян өрнүүлэх, Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан өрх болон үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих сая төгрөгийн эрхийн бичгийг, тооцоо судалгааны үндсэн дээр дэмжин ажиллах нь зүтэй гэсэн байр сууринд нэгджээ.
Удаан хугацаанд улс төрийн үйл ажиллагаагаа саармагжуулаад байсан АН улс төрийн ажилдаа ийнхүү идэвхийлэн орж, хүнд цаг үеийг хохирол багатай даван туулахад чиглэсэн тооцоо, судалгаатай, шинжлэх ухаанч үндэслэл бүхий санал санаачилгуудаараа Засгийн газрыг шахаж, ажиллахаар тогтжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.