Д.Ганзориг: Монголын эрдэмтэд Герман, Япончуудынхаас хавьгүй илүү коронавирусийн оношлуур хийж чадсан
Монголын эрдэмтдийн бүтээсэн коронавирусийг хоёр цагийн дотор илрүүлдэг, мэдрэг чанар өндөртэй оношлуурыг ХӨСҮТ-д ашиглахаар болжээ. Энэ талаар Коронавирусийн оношлуур бүтээх ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Д.Ганзоригтой ярилцлаа.
-Монголын эрдэмтэд өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд коронавирусийг илрүүлэх оношлуурыг бүтээхээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн гэдэг сайхан мэдээ сонслоо. Монгол Улс коронавирусийг дотооддоо алдчихсан энэ эмзэг цаг үед тухайн оношлуурыг ашиглаж байгаа эсэхийг хүмүүс их сонирхож байна?
-Монголын эрдэмтэд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн коронавирусийн оношлуур бүтээх ажлыг эхлүүлээд зургадугаар сард тухайн оношлуураа хийж бэлэн болгосон. Бидний бүтээсэн оношлуурыг ЭМЯ-аас дэмжиж, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы өгсөн үүргийн дагуу ХӨСҮТ-д уг ашиглах зөвшөөрлыг олгосонд баяртай байна. Коронавирусийн оношлуур бүтээх ажлын хэсгийн гишүүн Б.Болдбаатарыг ХӨСҮТ дээр ажиллуулах зөвшөөрлийг Улсын онцгой комиссоос авах ажлыг миний бие яг одоо хөөцөлдөөд явж байна.
-Тухайн оношлуурыг яагаад зөвхөн ХӨСҮТ дээр ашиглаж байгаа юм бэ?
-ЭМ-ийн сайд бидний бүтээсэн оношлуурыг Сэлэнгэ аймагт ашигла гэдэг үүргийг анх өгсөн. Гэвч тухайн оношлуурыг Сэлэнгэд ашиглахын тулд эндээс ажлын хэсгийн нэг мэргэжилтэн очиж сургалт явуулах шаардлага тулгарсан. Тухайн мэргэжилтэн маань голомтот бүсэд ажилласныхаа дараа 21 хоног тусгаарлагдана. Тэгээд буцаад энд ирж ажиллах гэхээр хугацаа алдах түвэгтэй нөхцөл байдлууд гарах гээд байсан тул зөвхөн ХӨСҮТ дээр оношлуурыг ашиглахаар болсон. Тэгээд ч ХӨСҮТ дээр коронавирусийн оношлуур бүтээх дэд ажлын хэсэг ажиллаж байгаа учраас тэдэнтэйгээ цуг оношлогоо хийх нь дээр гэж үзсэн.
-Та бүхэн коронавирусийн хэдэн ширхэг оношлуурыг одоогоор үйлдвэрлээд байгаа вэ?
-Бидэнд яг одоо бэлэн 1100 ширхэг оношлуур байна. Тэрийгээ ХӨСҮТ дээр ашиглаж оношлогоо хийж эхлэх гэж байна.
-Манай эрүүл мэндийн байгууллагуудын ашиглаж буй коронавирусийн нэг оношлуурын үнэ 165,000 төгрөгийн үнэтэй гэдэг мэдээлэл яваад байсан. Та бүхний бүтээсэн оношлуур ямар үнэ өртгөөр босож байгаа вэ?
-Манай эрдэмтдийн бүтээсэн оношлуур харьцангуй хямд өртгөөр буюу 30-40 мянган төгрөгөөр хийгдэж байгаа. Таны хэлээд байгаа 165 мянга гэдэг тоо чинь бол тог цахилгаан, ажиллах хүн, хамгаалах хувцас зэрэг бүх өртөг зардлыг шингээсэн тариф байх. Түүнээс биш ЭМЯ-аас тендер зарлаж худалдан авч байгаа нэг удаагийн оношлуур ойролцоогоор 70-80 мянган төгрөгийн үнэтэй орж ирдэг. Тэр үнэнээс даруй 2-3 дахин хямд үнээр бид бүхэн оношлуураа бүтээж байгаа.
-Коронавирусийн оношлуурыг монгол эрдэмтэд бүтээгээд эх орондоо дэлхийн зах зээлийн ханшаас 2-3 дахин хямд үнээр бүтээж байна гэдэг үнэхээр сайхан мэдээ. Гэхдээ үүний хажуугаар чанар гэдэг зүйл хамт яригдах ёстой байх. Та бүхний бүтээсэн оношлуурын давуу тал, гол онцлог нь юу вэ?
-Нэгдүгээр манай оношлуур импортоор орж байгаа байгаа бусад оношлуураас 2-3 дахин хурдан хугацаанд хариу нь гардаг. Импортоор орж ирж буй оношлуурууд вирусээс РнХ-г ялгах үйл ажиллагааг хийхдээ 3-5 цагийн хугацаа зарцуулдаг. Тиймээс одоо авч буй шинжилгээний хариу дор хаяж 5-6 цагийн дараа гарч байгаа. Тэгэхэд бидний хийсэн оношлуур РнХ-г ялгах ажиллагаанд 30 минут л зарцуулдаг учраас нэг цаг 50 минутад багтаан эцсийн хариугаа гаргах чадамжтай. Сорьцоо аваад шинжилгээгээ хийгээд хариу гарах хүртэл ердөө хоёрхон цаг зарцуулдаг учраас нисэх буудал, хилийн боомтууд дээр ашиглахад илүү давуу талтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл хилээр орж ирсэн зорчигчийг коронавирусийн шинжилгээнд хамруулснаас хойш 2-3 цагийн дотор хариуг гаргах, хяналт шинжилгээнд зарцуулах зорилгоор анх энэ төслийг эхлүүлсэн шүү дээ.
Хоёрдугаарт, мэдрэг чанар нь маш өндөр. ХӨСҮТ-д яг одоо сарбеко гэдэг Германы оношлуур мөн Японы оношлуурыг ашиглаж байгаа. Японы оношлуурын хувьд хэлэхэд 100 микло/л сорьцонд 500-700 вирус байгаа тохиолдолд л тоолж чаддаг. Өөрөөр хэлбэл вирус өндөртэй байгаа тохиолдолд халдвартай хэмээн таньж чаддаг. Германы сарбеко гэдэг оношлуур 100 микло/л сорьцонд 200 орчим вирус байгаа тохиолдолд таньж чаддаг. Өөрөөр хэлбэл Япон оношлуураас 2-3 дахин өндөр үр дүнтэй байна шүү дээ. Тэгэхэд бидний бүтээсэн оношлуур 10 ширхэг вирус байхад л таньж чаддаг.
-Тэгэхээр та бүхний бүтээсэн оношлуур худал хариу гаргахгүй гэсэн үг байх нь ээ?
-Тийм. Одоо ХӨСҮТ-ийн түргэвчилсэн оношлуураар оношлоод хариу нь эерэг гарвал PCR шинжилгээнд хамруулах хүртэл эргэлзээтэй гэж хэлж байгаа шүү дээ. Манай оношлуурт хэзээ ч тийм зүйл байхгүй. Түргэвчилсэн оношлогоогоор эерэг гарсан хүмүүс давтан шинжилгээнд ортол сөрөг гарлаа гэсэн мэдээлэл сүүлийн үед их гарч байгаа. Бидний бүтээсэн оношлуур тийм зүйл огт гаргахгүй гэсэн үг.
Гуравдугаарт, үнэ нь хямдхан. Бид өөрсдийн бүтээсэн эхний 1100 ширхэг оношлуураа ЭМЯ-нд 1 ширхэгийг нь 30,000 төгрөгөөр бодож нийлүүлэх гэж байгаа. Бид судалгаа туршилтын журмаар оношлуурыг бүтээх түүхий эдээ гадаадаас захиалж авчирсан учраас ийм үнээр гарч байна. Цаашид ЭМЯ-аас 10,000, 50,000 бүр 100,000 ширхэгийг захиалбал энэ үнэ бүр хэд дахин буурна.
-ЭМЯ-аас энэ оношлуурыг олноор захиаллаа гэж бодвол та бүхэн хэр хурдан үйлдвэрлэх чадамжтай вэ. Бүгдийг нь Монголдоо үйлдвэрлэнэ биз дээ?
-Ер нь бол Монголдоо хийнэ. Манай улсад вируслоги, биотехнологийн шинжлэх ухаан төдийлөн сайн хөгжөөгүй учраас оношлуурыг хийхэд шаардлагатай бүх орц найрлагыг Монголд үйлдвэрлэх боломжгүй. Коронавирусийн оношлуурыг бүтээхэд оролцдог таван иж бүрдлийн гурвыг нь дэлхийн зах зээл танигдсан сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гаднын үйлдвэрээс худалдан оруулж ирээд урвалжийг нь энд өөрсдөө бүтээгээд угсарч бэлэн болгодог. Богино хугацаанд олноор үйлдвэрлэх боломжтой.
-Та бүхэн өөрсдийнхөө оношлуурыг яг бодит өвчтөн дээр туршиж үр дүнг нь шалгаж үзсэн үү?
-Үзэлгүй яахав. Бидний бүтээсэн оношлуур үнэхээр сайн ажиллаж байгаа. ХӨСҮТ дээр 120 гаруй хүн дээр туршилтын оношлогоо хийхэд бүх хариу тохирч, үнэхээр сайн үр дүнтэй болох нь батлагдсан. Мөн ХӨСҮТ дээр яг одоо ашиглагдаж байгаа бусад оношлууртай харьцуулахад хамаагүй өндөр үр дүнтэй болох нь батлагдсан.

ХБНГУ-ын Мюнхений их сургуулийн доктор, профессор Д.Нямбаяр
-Монголын эрдэмтэд дэлхийн хөгжингүй орнуудын бүтээсэн оношлуураас харьцангуй илүү чанартай оношлуур бүтээсэн нь үнэхээр сайхан мэдээ байна. Энэ оношлуурыг бүтээсэн эрдэмтэд нь ямар хүмүүс байгаа вэ?
-ХБНГУ-ын Мюнхений их сургуулийн доктор, профессор Д.Нямбаяр, Монголын мал эмнэлгийн хүрээлэнгийн вируслогийн лабораторийн эрхлэгч Б.Болдбаатар гэдэг хоёр эрдэмтэн маань гол судалгааны ажлыг хийсэн. Би болохоор энэ ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан ЭМЯ-ын төлөөлөл. Манай ажлын хэсгийн ахлагчаар ЭМЯ-ны ТНБД ажилласан. Дэд ажлын хэсэгт ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг PCR аппараттай байгууллагууд тусалж оролцсон. Ийм цомхон бүрэлдэхүүнтэй атлаа маш богино хугацаанд өндөр үр дүн гаргаж ажилласандаа баяртай байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.