ВИДЕО: 11-р ангийн сурагчдад үр хөндөлтийн тухай зааж байгаа нь зөв үү

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад бэлгийн харилцаа тэр дундаа үр хөндөлтийн талаар хичээл орж байгаад иргэд олон нийт хоёр талтай хандаж байна. Монголчуудын нийтлэг хандлагаар эцэг эхчүүд нөхөн үржихүйн сэдвээр хүүхэдтэйгээ хангалттай ярилцаж, мэдлэг, мэдээллээр хангадаггүй учраас олон талын эрсдэл үүсдэг. Тиймээс БШУЯ сургалтын албан ёсны хөтөлбөрөөр сурагчдад бэлгийн боловсрол олгохыг зорьж байгаа гэдгийг онцоллоо.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг түр хугацаагаар хаагаад байгаа. Тиймээс улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 640 мянга гаруй сурагч теле хичээлээ 18 сувгаар дамжуулан үзэж байгаа юм. Өчигдөр 11-р ангийн эрүүл мэндийн хичээлээр үр хөндөлтийн талаар заасан нь цахим орчинд нэлээн хэлэлцүүлэг өрнүүлээд авсан. Теле хичээлээр сөхөгдсөн энэ асуудалд иргэд хоёр талтай хандаж байгаа тул бид БШУЯ-наас тодрууллаа.

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сэдвийг нууц, хаалттай мэтээр ойлгож, энэ чиглэлийн мэдлэг, боловсрол олгоогүйгээс гэр бүл төлөвлөлтийн алдаа, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, өрх толгойлсон эх, эцэг, өнчирсөн хүүхдийн эрхийн асуудлууд урган гардаг байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр үзэхэд 20-иос доош насных 5 хувь байна. . Тэдгээрийн дийлэнх нь хүсээгүй жирэмслэлт байдаг. Энэ байдал нь мэдлэг, мэдээлэл хомс, хамгаалах хэрэгслийн хэрэглээ мэдэхгүй, эцэг, эхчүүдийн анхаарал халамж, илэн далангүй дотно ярилцдаг байдал дутагдсанаас үүдэлтэй байдаг байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.