СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-18

LIVE: Түлшгүй, хоолгүй иргэд банкнаас мөнгө авч чадахгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Цар тахлын дэгдэлтээс болж, иргэдийн амьжиргаа эрс муудаж, цэцэрлэг, сургууль амарсан учраас хүүхдүүдээ хоол ундтай байлгах нь том асуудал болжээ.

Мөнгөгүй учраас амны хаалт, ариутгагч бодис байтугай даралтын эмээ авахад хэцүү байгаагаа ч нуусангүй. Хорио цээр тогтоосноор халамжийн мөнгө банкнаас авч чадахгүй. Ажил хийж, өдрийн хоолоо залгуулдаг айлын хувьд цаашид яах учраа мэдэхгүй байна. Манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны дөрвөн айлаар орж нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.

Төр засгаас ядруу айл өрхөд хүнсний талон өгөхийг хүслээ

Эхний айл: Тэтгэврийн хөгшинтэй хамт нэг хүү нь хамт амьдардаг бөгөөд өдөртөө “Өгөөмөр” зах дээр ажиллаж хоногийн хоолны мөнгөө олдог байна. Гэвч хөл хорио тогтоосноос хойш гэрээсээ гарах эрхгүй болсон тул хоногийн хоолоо залгуулахад хүндрэлтэй болсон талаар учирлав. Тухайн айлын хөрөгчид саяхан авсан хонины махнаас өөр зүйл байхгүй ажээ. Өчигдөр “Оюу толгой” ХХК-иас хэд хоног түлэх түлш өгснөөс өөр тусламж дэмжлэг төр засгаас аваагүй байгаа гэдгээ учирлав. .

Шулсан махны ясаар хоногийн хоолоо залгуулж байна

Хоёр дахь айл: Унаж татдаг өвчтэй өрх толгойлсон энэ эмэгтэй хоёр охинтой ч нэг охин нь элэгний вирустэй тул хэвтэрт оржээ. Нөгөө охиных нь нөхөр нь хөдөө ажиллаж байгаа тул гурван хүүхэдтэйгээ хамт ээж дээрээ байгаа гэнэ. Группд орох талаар олон жил хөөцөлдсөн ч нааштай хариу гардаггүй гэдгийг учирлаж хэлэв. Тэрбээр хүүхдүүддээ төвөг удахгүйн тулд Цагаан давааны хогны цэгээс дайвар бүтээгдэхүүн цуглуулж, өдөртөө 5-10 мянган төгрөг олдог байна. .

Тус хогны цэгээс барилгын мод цуглуулан түлшиндээ хэрэглэж байгаа гэнэ. Одоохондоо сайжруулсан түлш авах мөнгөгүй хэмээв. Хүнсний дэлгүүрүүд ядарсан, ажилгүй иргэдэд тэр болгон зээлээр бараа бүтээгдэхүүн өгдөггүй гэнэ. Зээл өгөхөөр бол 10 мянгаас дээш төгрөгийн зээл олгодоггүй гэдгийг гэрийг эзэгтэй дурдсан юм.

Төр биш сайн дурын байгууллага ядарсан иргэдэд тусалж байна

Гурав дахь айл: Хөл хорио тогтоосноос хойш хүнсээ нөөцөлж чадаагүй олон айл өрх байгаа. Ихэнх айл өрхийн хувьд хүнс нөөцлөх гэхээсээ илүү хоногийн хоолоо өдөртөө залгуулдаг гэдгийг гэдгийг дурдав. Энэ айлын амьдардаг орчинд цахилгааны шугам татаагүй тул ил шугам татаж, таван айл тогтой залгадаг ажээ. . Өчигдөр хоёр шуудай нүүрс сайн дурын байгууллагаас өгчээ. Хорооноос нь хоол хүнсний дэмжлэг өгөх талаар ярьсан ч одоогоор ирсэн юм алга хэмээлээ.

Хөл хорио тогтоосноор ажилтай охин нь ажилгүй болжээ

Дөрөв дэх айл: Тус айлын нөхөр өнгөрсөн хоёрдугаар сард өөд болж, амьжиргааны түвшин буурсан тул хүнсний талонд саяхан хамрагдаж эхэлсэн байна. Тухайн айлын эзэгтэй өнөөдөр өглөө хүнсний талоноор 10 кг гурил, цагаан будаа, ургамлын тос, төмс, бага насны хүүхдэдээ нэг кг мандарин авлаа хэмээв.. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол цаашид хэрхэн яаж амьдрахаа мэдэхгүй байна. Өчигдөр нэг хүн хоёр шуудай түлш, сүмээс гурван шуудай түлш өгсөн. Нөгөөдөр гэхэд түлшгүй болно. Энэ хавийн айл өрхүүд хоёр буудал газраас ундны усаа зөөдөг. Хүнсний дэлгүүр байхгүй. Гудамжууд нь гэрэлтүүлэггүй тул шөнө орой явахад нохой дайрах гээд асуудал гардаг. Одоогоор хүнсний дэлгүүрт 50 мянган төгрөгийн өртэй хэмээв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.