150,000 төгрөгийн утас хулгайлсан хэмээн хүүг нь цагдан хорьсонд шаналсан ээж цус харважээ

Баянзүрх дүүргийн иргэн, 47 настай, эмэгтэй Б.Б нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан хүүгийн араас хэт их шаналсны улмаас цус харваж, яг одоо Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эрчим эмчилгээний тасагт биеийн байдал нь тун тааруу байдалтай байна гэх харамсалтай мэдээ манай редакцид ирлээ.

Одоогоос 10 гаруй хоногийн өмнө Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Х иргэн Б.Б дээр ирж “Таны төрсөн хүү Э.Б нь гурван найзтайгаа бүлэглэж, бусдын 150 мянган төгрөгийн үнэтэй гар утсыг хулгайлсан байж болзошгүй байна. Хүүтэйгээ намайг уулзуулж өгөөч” хэмээн хэлж баривчлангуутаа “30 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хорихоор боллоо. Солих хувцас авчир” хэмээн хэлжээ.

Энэхүү мэдээнд цочирдсон Б.Б нь хүүд минь хилс хэрэг тулган шоронд хийчихлээ хэмээн хэт их шаналсны улмаас цус харваж, өдгөө тархины гурван удаагийн маш хүнд хагалгаанд орж эмнэлгийн орон дээр шаналж байгаа аж.

Уг эмэгтэйн ар гэр хамаатан саднууд “Б.Б-гийн амь нас хэзээ мөдгүй хохирч магадгүй байна. Амьд мэнд байгаа дээр нь ганц хүүг нь түр суллаж, ээжтэй нь уулзуулж өгөөч” хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчдаас удаа дараа гуйгаад тусыг олоогүй тул арга буюу хэвлэлд хандаж байна гэв.

Би Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Х-тай утсаар холбогдож, “Таны цагдан хорьсон 18-тай хүүгийн ээжийн бие маш муу, хэзээ мөдгүй болчихоод байгаа юм байна. Түр суллаж ээжтэй нь уулзуулах хуулийн боломж байгаа юу. Гар утас хулгайлсны төлөө 30 хоног баривчлах хуулийн зүйл заалтыг хэлж өгөөч” хэмээн асуухад “хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг дэлгэх боломж бидэнд байхгүй. Хэлтэс дээр ирж тодруул. Би ар гэр рүү нь өөрөө залгаад учрыг нь тайлбарлана” гэж хэлээд утсаа тасаллаа.

Маргааш уг асуудлыг сурвалжлан эргэн мэдээлэх болно.

124096498 683109359264970 1517329150766779429 n

123849688 368287397578669 2456992898064574862 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.