Л.Энх-Амгалан: Энгэрээрээ дүүрэн төмөртэй суудаг ард түмэн дэлхийд хоёрхон байна
Улсын их хурал байгуулагдсаны 30 жилийн ой өнөө жил тохиож байна. Үүнтэй холбоотойгоор "УИХ-ын 30 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл"-ийг санаачилжээ. Уг тогоолын төслийг чуулган дээр хэлэлцлээ. Ойн хүрээнд нийт 1000 ширхэг медалийг хэвлүүлж, парламентат ёсыг бэхжүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүмүүст олгохооор төлөвлөжээ. Гэвч УИХ-ын гишүүд шинээр медаль бий болгох асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Социализмийн үеийн медалийн тогтолцоотойгоо үлдсэн хоёрхон улс байгаагийн нэг нь манай улс, нөгөө нь хойд Солонгос...
-Төрийн одон медалийн үнэ цэн ард түмний дунд уначихсан. Намын одон медаль л болсон шүү дээ. Одоо бид нийгэмд хавтгайрсан энэ тогтолцооноос салах цаг болсон. Салбарын медаль, аймаг, сумдын ойн медаль гэх мэтээр...Одоо байгууллагууд ойн медальтай болж байна. Энгэрээрээ дүүрэн төмөртэй суудаг ард түмэн дэлхийд хоёрхон л байна. Бид энэ байдлаасаа татгалзах ёстой.
Шагнал бол шударга ёсны хэмжүүр гэж нэг мрэгэн хүний үг байдаг. Өнөөдөр монголд байгаа шагнал, одонгийн тогтолцоо шударга ёсны хэмжүүр болж чадахгүй байна.
30,40 настай залуус Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль зүүчихсэн, зарим нь зүүхээсээ ичиж байна. Гэтэл залуу насаа монголын төрд, бүтээн байгууллатад зарсан ахмадуудын энгэр хосон. Хэдэн медалиас өөр юмгүй сууж байна. Хэдэн намын тэмдгээс өөр юмгүй л байна. Тиймээс 70 наснаас дээшхи ахмадууддаа нэг мөсөн медалийг нь өгөөд, цаашдаа энэ медаль, одонгийн тогтолцооноосоо салбал яасан юм бэ. Түүнээс өөр арга алга.
УИХ-ын гишүүн Сандагсүрэн: Баар, ресторануудад медалийг шуудайгаар нь өгдөг асуудал замаа алдсан
-Ахмадуудыг үнэхээр гомдоож байгаа асуудал бол төрийн одон медаль. Баар, рестораны газруудад очоод 10, 20-оор нь бүр шуудайгаар нь өгдөг асуудал замаа алдсан.
30 хүрээгүй залуус Алтан гадас зүүгээд явж байна. Гэтэл насаараа улсад 30-40 жил хөдөлмөрлөсөн ахмадууд салбарын шагнал ч үгүй, Хөдөлмөрийн хүндэт ч үгүй, нүд анихаасаа өмнө төрийн шагнал авахсан гээд горьдоод сууж байна.
Тодорхойлолтыг нь явуулдаг сум, аймаг, хороо, дүүрэгтээ дэмжигддэг ч Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирээд хэдэн зуугаараа овоолоостой байж байдаг. Тэнд хэн танил тал, улс төрийн намтай нь шагнал авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ тогтоолын төслийг больчих
Энэ тогтоолын төслийг больчих. Бид ийм буруу юм руу ард түмнийг уриалан дууддагаа больё. Өнөөдөр МАН-ынхан бүх төрлийн медалийг хориглочихооч. Ялангуяа төвсийн байгууллагууд өргөмжлөл, медаль, цаас хэвлэдгээ зогсоо. Одонг цэгцэлье. Байх ёстой одон байна. Капиталист медаль байхгүй шүү.
Ийнхүү УИХ-ын гишүүдийн шүүмжлэлтэй тулгарсан учраас "УИХ-ын 30 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл"-ийг хэлэлцэхээс татгалзлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.