Киргизстан улсад энэ сарын 4-ний өдөр болсон Парламентын сонгуулийн дараа улс төрийн эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм. Сөрөг хүчний удирдагч Садыр Жапаровыг Ерөнхий сайдаар томилохыг Парламентын хуралдаанаар дэмжсэн боловч Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков хүлээж авсангүй.
Ерөнхийлөгч Жээнбеков Парламентад хандан дахин санал хураалт явуулахыг шаарджээ. Хэрэв улс орны байдал тогтвортой болбол бүрэн эрхийн хугацааныхаа хүрээнд албан тушаалаа хүлээлгэж өгөхөө тэрбээр мэдэгдсэн. Хэрэв Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорбол шинээр томилогдох Ерөнхий сайд түр үүрэг гүйцэтгэгч болох юм.
Сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсагчид нийслэл Бишкек хотын гудамж талбайд жагсаж Засгийн газрын ордон руу дайрч, Ерөнхийлөгчийг огцрохыг шаардан дахин сонгууль явуулахыг хүссэн юм. Ингэснээр сөрөг хүчний хэд хэдэн удирдагч Ерөнхий сайд болох боломжтой болсон гэж үзсэн. Гэвч жагсагчдын өмнө үг хэлсэн цорын ганц хүн болох Жапаровыг Парламент, Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдаар нэрлэжээ.
Өнгөрсөн бямба гарагт Киргизстаны Парламент Жапаровыг шинэ Ерөнхий сайдаар сонгосон бөгөөд тэрээр улс төрийн шалтгаанаар урьдчилан хорих газарт саатуулагдаж байгаад өнгөрсөн долоо хоногт суллагдсан билээ. Харин Ерөнхийлөгч уг томилгоог дэмжихгүй гэдгээ мэдэгдэж тогтвортой байдлыг дэмжихийн тулд бүх шийдвэрийг хууль ёсны дагуу гаргах ёстой гэдгийг анхааруулсан байна.
Шинээр томилогдсон Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчид танилцуулахаас өмнөх өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тэргүүн туслах Киргизстанд ирж Жээнбеков болон Жапаров нартай уулзсан гэх мдээлэл байна.
Одоогоор шинэ Ерөнхий сайдыг томилох санал хураалт Парламентад хэзээ явагдах нь тодорхойгүй. Сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаалын үеэр 1,200 гаруй хүн бэртэж гэмтэн нэг хүн нас барсан. Тус улсад онц байдал зарлаад байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.