СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоригдож байгаа ээжээс нь салгасан нярай нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Филиппин улсад хоригдож байгаа эмэгтэй амаржиж, нярай хүүхэдтэйгээ цуг байх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй байна. Ердөө сар гарантай нярайг ээжээс нь салгасны улмаас гурван сар хүрэлгүй харамсалтайгаар нүд аньжээ. Энэ явдал Филиппиний ард иргэдийг цочирдуулж, уур бухимдлыг нь төрүүлж байна.

Хүний эрхийг хамгаалах ажилтан Рейна Мэй Насино өнгөрсөн жил нийслэл Манила хотоос баривчлагдахдаа бие давхар гэдгээ мэдээгүй, сарын тэмдэг нь ирэхгүй байгаад сэтгэл түгшиж байжээ. Хорих газарт эрүүл мэндийн үзлэгт оруулах үеэр 23 настай эмэгтэй цөөн хэдхэн сартай жирэмсэн болохоо мэдсэн байна. Насино нь гэр бүлийн хамт хүний эрхийн төлөө тэмцэж, аав нь мөн улс төрийн шалтгаанаар ял эдэлж байгаа ажээ.

Хоригдож байхдаа амаржсан боловч хүүхдийг нь ердөө сар гарантай байхад хүчээр салгаснаас нас барсан явдал нь Филиппин улсад ял эдэлж байгаа эмэгтэйчүүд, эхчүүдэд халамж анхаарал дутуу тавьж, хатуу чанга хандаж байгаа шүүх тогтолцоонд иргэд бухимдахад хүргэжээ.

Хатагтай Насино нь Кадамай нэртэй ядуусын бүлгэмд ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сард хамт ажилладаг хоёр тэмцэгчийн хамт цагдаагийн тусгай ажиллагааны үеэр баривчлагджээ. Цагдаа нар тэдний амьдарч, ажлаа явуулдаг албан газарт дайрч орон баривчилгаа явуулсан байна.

Хүний эрхийг, тэр дундаа ядуусын эрхийн төлөө тэмцэгчдийг хууль бусаар галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис эзэмшсэн хэрэгт буруутгасан ч баривчлагдсан гурван этгээд эрс үгүйсгээд байгаа юм.

Хэдийгээр таагүй нөхцөл байдалд амаржсан ч Насино ээж болсондоо тун их баяртай байсан гэж өмгөөлөгч нь хэлжээ. Энэ жилийн дөрөвдүгээр сард Филиппин улсад коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан халдвар авах өндөр магадлалтай 22 улс төрийн хоригдлыг түр чөлөөлөх асуудал яригдахад амаржих дөхсөн Насиногийн нэрийг оруулсон боловч хүлээж аваагүй байна.

.

Бяцхан сахиусан тэнгэр Ривер Масино долдугаар сарын 1-ний өдөр төрсөн байна. Хэдийгээр жингийн дутагдалтай төрсөн ч хэдхэнд өдрийн дараа ээжтэйгээ хамт хорих газар луу буцжээ. Филиппин улсын хуулиар хоригдож байх үед төрсөн хүүхэд ердөө эхний нэг сар ээжтэйгээ хамт байхыг зөвшөөрдөг. Харин хөрш Малайз улсад ийм байдалд хүүхэд 3, 4 нас хүртлээ ээжтэйгээ байхыг зөвшөөрдөг байна.

Хууль ёсоор наймдугаар сарын дундуур нярайг ээжээс нь салгаснаас хойш хөхөөр хооллох боломжгүй болсон нярай өвдөж эхэлжээ. Эмээ нь түүнийг асран халамжилж байсан боловч гэдэс нь суулгаж эмнэлэгт хэвтсэн байна. Гэр бүлийнхэн нь нярайд ээж нь хэрэгтэй байгааг удаа дараа сануулж хүсэлт тавьсаар байсан боловч шүүх хүлээж авалгүй есдүгээр сарын 24 гэхэд Риверийн биеийн байдал улам мууджээ. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт Ривер нас барснаар олон нийтийн цахим сүлжээнд бяцхан сахиусан тэнгэрийн дурсгалд хүндэтгэл үзүүлж, харамсан гашуудаж буй хүмүүс эмгэнэл илэрхийлсээр байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.