СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-11-08

Ушан уулнаа аялсан тэмдэглэл

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө


Хятадын эртний судар номонд олонтаа тэмдэглэгдэн үлдэж, Дорнын соёлын өв уламжлалыг өөртөө шингээн түүх өгүүлэх алдарт Үшан уулыг зорих боломж энэ 10 дугаар сард Монголын зарим сэтгүүлчдэд олдсон билээ.


Намрын сэрүүн хэдийнэ буусан Улаанбаатраас Хөххотноо бууж, тэндээсээ Чүнчинь хот руу 2 цаг гарантай ниссэнээр Дорнын алдарт Хөх мөрний хөвөөнд орших Чүнчинь хотноо газардлаа. Цаг агаар дулаахан, чийглэгийн зэрэгцээ саарал манан дунд хөвөх мэт бүрхэг байх. Жилийн 365 хоногийн 305-д нь яг ийм өдрүүд үргэлжилдэг гэхээр жаахан гуниг төрүүлэм…     

 

 

Энд Хятадын өмнөд хотуудын нэгэн адилаар өвөл болдоггүй. Жуулчдын ирэх хамгийн тохиромжтой үе нь бидний очсон үе буюу 10 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх хугацаа гэнэ. Температур ердөө нэмэх 10 градусаас буухгүй, дээрээс нь тус хотын байгалийн гайхамшиг болох Хөх мөрний гурван хавцал дагуу нилдээ улаан цэцэг дэлгэрдэг гайхамшигт үе таарчээ.        

 

 

Газар нутгийнх нь 76 хувийг уулс эзэлж, Хөх мөрний сүрд дарагдан нэвсийх Чүнчинь хотыг “Уулсын хот” хэмээн нэрийддэг аж.

 


Тус хотын Хуан Янь дүүргийн нутаг дэвсгэрт орших Үшаний бяцхан гурван хавцал хэмээх байгалийн ховор сонин тогтоц бүхий гайхамшигт газрыг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх томоохон зорилтыг БНХАУ-ын одоогийн удирдлагууд тавьсан аж.    

 

 

Хотын бас нэг онцлог бол Хятадын баруун, дунд бүсийн цорын ганц шууд харьяат хот. Төвөөс ч онцгой анхаарал хандуулж байгаа, мөн тус бүс нутагт орших Хөх мөрний гурван хавцал, дэлхийн соёлын өв Дазүгийн чулуун сийлмэл, дэлхийн байгалийн өв Үлүнгийн кастын газрын гадарга, Наньчуаний алтан бурхан уул зэрэг сүрлэг үзмэрүүд дээр түшиглэн өмнөд бүсийн томоохон аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжих зорилт нь хэдийнэ биелэлээ олж эхэлжээ.       

 


Бидний хэдэн сэтгүүлч Чүнчинь хотноо удсангүй ердөө маргааш нь автобусаар аялалд гарч Ваньжөү-Үшан гэсэн маршрутаар алдарт хавцлыг үзэхээр зорьлоо.

Замдаа Ваньжөү хотноо саатаж, зочид буудалд нэгэн үдшийг өнгөрөөсөн. Буудлын хөвөөгөөр алдарт Хөх мөрөн долгиолж, мөрний хоёр талаар сүрлэг хадан хавцлууд өнгийлдсэн гайхам үдэш аж. Мөрний хөвөөгөөр үдшийн бүрийд зугаалан ахуйд ачаа тээврийн усан онгоцууд тасралтгүй сүлжилдэх. Энэ нь ч аргагүй. Хөх мөрөн бол дундад улсын хамгийн том, дэлхийд хоёрт ордог, ачаа тээврийн хамгийн ашигтай усан замын нэг аж. 

 


Маргааш өглөө нь эртлэн боссоор автобустай аялалаа 2 цаг орчим үргэлжлүүлсэний эцэст Дорнын алдарт Үшан уулын бараа харагдлаа. Алсаас тэнгэр баганадам уулс сүрлийж, сүрлэг хавцал хооронд их усан цэлэлзэх нь талын Монголчуудын хувьд гайхширам гоо үзэсгэлэн.            

 

 

Чүнчинь хотын Хуан-Янь дүүргийн зүүн тал, Хүбэй мужийн баруун биед орших Үшаний бяцхан гурван хавцалд эрт дээр цагаас сая орчим иргэн нутагшин амьдарч байжээ. Чүнчинь хотыг БНХАУ-ын шууд харьяа хот болгон баруун бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэхийн тулд шинэ төлөвлөлт гаргасны дагуу суурьшмал иргэдийг ихэнхийг нь нүүлгэн шилжүүлжээ. Гэхдээ энд 600 мянга орчим нутгийн иргэд байгаа ч ихэнхи нь өндөр настангууд. Залуусыг жил бүр төв рүү төлөвлөлттэйгээр нүүлгэн шилжүүлдэг байна.

 


Мянга орчим метрийн өндөрт хөвөх үүлс дундаас сугаран гарсан бид уулын тавцан дээрээс хотын байдлыг тольдон зогслоо. Энэхүү уулсын дундуур урсах их усан, хоёр талаар нь өнгийлдөх тэнгэр баганадам сүрлэг хадан хясаанууд 200 км орчим сунан үргэлжлэх бөгөөд дунджаар хоёр мянган метрийн өндөртэй гэнэ.    

 


Хөх мөрний Гурван хавцал нь Ши ся, Чютан ся, Y ся нэртэй. Гурван хавцал баруун зах Чүнчин хотын Бай Ди Чэн хотоос зүүн зах Хүбэй мужийн Наньжин боомт хүртэл үргэлжилдэг.


Бидний хэдэн нөхөд хавцал дундуур урсах голоор усан онгоцоор аялан явахуйд эрэг хөвөөд нь нов ногоохон бөгөөд уулын тэхий дундуур үүл манан татах нь байгалийн ер бусын гоо үзэсгэлэн гэлтэй. Гэтэл энэ нь бага хэрэг гэнэ. 11 дүгээр сар гарангуут энэхүү уулс бүхэлдээ ув улаан цэцэгст хучигдах бөгөөд бидний багад открыт дээрээс хардаг байсан зурсан зураг мэт байгаль тэр чигээрээ нүдний өмнө дурайх нь тэр. Итгэж ядмаар… 

 


Хөх мөрний Гурван хавцал дор бүрнээ аялаг ааштай. Чютан ся хавцал нь сүрлэг үзэмжтэй, Y ся хавцал нь уян тансаг, Ши ся хавцал нь бартаа ихтэй гэдгээрээ алдартай. Мөрөн дагуу Мин шань уул, Шибаоже тосгон, Жан Фэйн сүм зэрэг эртний дурсгалт газар маш олон бий. Хавцал дундуур урсах голоор аялан явахуйд эгц босоо хадны тэхий дунд жижиг том агуйд олон бий. Тэдний дийлэхид нь модон австай хүний шарилууд буй. Эндхийн уугуул иргэд уулсын оройгоор дийлэхдээ амьдрах бөгөөд тэнгэрт хальсан нэгнийгээ олсоор унжуулан буулгаж уулсын агуйд нутаглуулдаг байна. Хэдий өндөр агуйд оршуулна төдий хирээр диваажинд хүрэх зам нь ойртоно хэмээн үздэг байжээ.  

 


Завин дээрээс уулсын сүрийг бахдан явж байтал голын хөвөөнд, хавцлын дугуйрсан бяцхан хэсэгт нэгэн сүрлээр хийсэн байшин гэлтэй оромж харагдав. Гадна нь нэгэн Хятад эмэгтэй хувцас угааж харагдах бөгөөд гэрийн эзэн эр мод түүгээд үүрчихсэн гэрийнхээ араас ирж яваа харагдана. Энэ нь мэдээж жуулчдад зориулсан жүжигчилсэн тоглолт боловч хуучны ахуй заншлыг тэр хэвээр нь хадгалж жуулчдын сонирхолд нийцүүлсэн нь бас л сонирхолтой.    

 

 

Өвөрмөц байгалийн үзэмж, баялаг түүх соёлоороо Үшань шянь сүүлийн жилүүдэд экологийн аялал жуулчлалыг илүү хөгжүүлж, Хятадын экологийн аялал жуулчлалын алдартай газар болжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.