Уулын гурван ам дамнуулан солонгос иргэнд газар олгосон асуудлын мөрөөр...
Хотын удирдлага болон газрын албатай холбоотой байж болох хууль бус газар олголтын нэгэн сэжим олдсон учраас энэхүү цуврал нийтлэл, сурвалжлагыг уншигч авхай танаа толилуулах гэж байна.
Энэхүү газрын асуудал урьд өмнө нь нэгэнтээ сөхөгдөж байсан боловч цааш явалгүй замхарсан байдаг.
Жирийн монгол иргэнд тэр бүр олдоод байдаггүй их хэмжээний газар яагаад гадаад иргэдийн оролцоотой компанид том томоороо, га гагаараа олгогддог вэ гэдэг нь анхааралт татах сэдэв юм.
Энэ бол ХУД, 14-р хороо, Түргэний гол гараад Төв аймаг явах замын баруун энгэрт байх том хөх хашаа татсан 126 га газрын асуудал юм. Уг газарт хотын дарга асан С.Батболд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А/1177 дугаар захирамжаар "Дансол Гэйтвэй" ХХК-д 58 га газар, “Билиг суут” ХХК-д 48 га, иргэн Цэдэнгийн Одгэрэлд 20 га газрыг тус тус олгожээ.
Нэг захирамжаар 126 га газрыг олгосон хэрэг. Энэ бол маш том хэмжээний газар. Маш том гэдэг нь бүхэл бүтэн нэг уулын гурван ам дамнуулан олгосон газар.

Гагцхүү уг газрыг олгохдоо дүүргийн засаг даргад санал хүргүүлээгүйгээс гадна, дүүргийн газар олголтын тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй байсан газрыг хотын дарга С.Батболд дур мэдэн олгож, хууль зөрчсөн нь сонирхолтой. /Ч.Мөнхбаатар ХУД-ийн Газрын албаны дарга, НГЗБА-ны ахлах мэргэжилтэн Л.Нямдаваа нараас тодруулсан болно/
Төлөвлөгөөнд тусгаагүй, хууль зөрчиж газар олгосон бол дараагийн засаг дарга хүчингүй болгох эрхтэй бөгөөд Хан-уул дүүргийн Газрын албанаас С.Батболдын дараагийн засаг дарга буюу С.Амарсайханд хүчингүй болгох хүсэлт илгээж байсан гэх боловч өнөөдрийг хүртэл уг газрын эрхийг цуцлаагүй байна.
“Дансол Гэйтвэй” ХХК буюу Ким Иохан гэх солонгосын мэдэлд уг газар оржээ
Судалж үзэхэд энэхүү газар нь гадаадын иргэн тэр дундаа солонгос иргэдийн эзэмшдэг гурав, дөрвөн компанитай холбогдож байна.
Хамгийн анхаарал татаж байгаа нь дээрх компаниуд шашны болон гаднын хөрөнгө оруулалттай ажээ.
“Дансол Гэйтвэй” ХХК хэмээх утга нь тодорхойгүй, гадаад нэртэй энэ компани үндсэн чиглэл нь гадаад худалдаа, амралтын газар, хүүхдийн нүүр амны гажиг засал гэх боловч өөр, өөр чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тус байгууллагын гүйцэтгэх захирлаар Ц.Мөнхбилэг гэх эрхэм ажилладаг авч цаад талд нь Ким Иохан гэх солонгос иргэн байдаг ажээ.
Ким Иохан өөрөө “Дансол Гэйтвэй” ХХК-ийнхаа хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ.
Харин Ким Иохан гэгч эрхмийг цааш судалбал “Олон улсын боловсролын сан” гэх байгууллага удирдахаас гадна, “Гэйтвэй Интернашинал Эдюкэйшн Корпорэйшн” ХХК-ийнхаа гүйцэтгэх захирлаар бүртгүүлжээ.
Солонгос иргэн Ким Иохан дээрх байгууллагуудаараа дамжуулж нийгэмд үйл ажиллагаа явуулдаг боловч үнэн хэрэгтэй “Монголын адвентист чуулган” гэх шашны байгууллагыг монголд оруулж иржээ. Чухам энэ л хамгийн анхаарах сэдэв аж... Одоо тус сүмийг Д.Нямдаваа гэх эрхэм хариуцан ажиллуулж байна.
Далдуураа шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, наанаа хүмүүнлэгийн байгууллага мэт дүр эсгэн хууль бус газар олголтод орооцолдох...
Энэ бол монголд түгээмэл байдаг үзэгдлүүдийн нэг. Ийм үзэгдлийн цаана асар их хэмжээний мөнгө, авлига бийг ч үгүйсгэхгүй.
Бид гурван уулын ам дамнуулан олгосон уг газар дээр сурвалжлагаар очсон бөгөөд уулын гурван ам/нэг нь Ар булаг, Бөөр булаг гэх хоёр ам/ хязгаар нь үл мэгдэгдэх газрыг цэнхэр хашаагаар хашаалсан байхаас гадна гадна, дотроо харуул, хамгаалалттай ажээ.


Мөн Ц.Мөнхбилэг, Д.Нямдаваа нартай утсаар холбогдож, тодруулга авахыг хүссэн ч "шинээр томилогдсон учир уг хууль бус газрын талаар мэдээлэл байхгүй, солонгос дарга Ким Иохан бүгдийг мэднэ" гэх тайлбар өгсөн билээ. Харин Ким Иохан Ковид-19 цар тахлаас үүдэн нутаг буцаад орж ирээгүй байгаа аж.
Малчин С.Ганбаатарын хаваржаа, намаржааны газрыг хашаалж, буух газаргүй болгожээ
Харин энэ хашаалсан газрын жижигхэн буланд шахагдсан малчин айлуудаас бид тодруулга авсан юм.
ХУД-ийн 14-р хорооны С.Ганбаатар малчин:

-Би энэ аманд насаараа амьдарч байгаа хүн. Манайхан хоёр, гурван үе дамжин нутаглаж ирсэн. Манай аав, ээж анхлан энд 50-60 жил амьдарсан. Яг энэ хашаалсан ууланд манай мал бэлчдэг, хаваржиж, намарждаг байсан.
Энэ дээр манай шүтдэг овоог хүртэл оруулаад уулыг нь авчихсан байхад нь манай охин хэрүүл хийж байж овоог нь хашааны гадна гаргуулсан юм.
Ж.Чимэгээ малчин С.Ганбаатарын гэргий:
-Манай хаваржаа, намаржаа хоёр байсан газрыг ингээд хашчихсан. Уг нь энэ хашаалсан газар дунд нь булаг байдаг юм. Тэр булгийг хаагаад, мал усаа ууж чадахаа болиод баахан машинд дайруулж үхдэг болсон. Уг нь манай өвөлжөө, хаваржааны газар эзэмшлийн гэрчилгээтэй.
Анх хачин хэлтэй орчуулагчтай ирсэн. Бидэнд солонгосын шашны сургууль барина гэж тайлбарласан. Хамгийн гол нь монголд шашин мундсан биш. Шашны журмаар энд юм барих гээд байгаа нь их л сонин санагдаад байгаа юм даа. 58 га газар л гээд байсан яг хашаалах болсон чинь 120-130 га газар гэх юм билээ.
Айлын хашааны газар авах болоход “Түргэний голоо аваръя”... ямар хөдөлгөөн ч гэлээ байдаг. Үнэхээр тийм л юм бол одоо ийм том газраа хамгаал л даа.
Ийнхүү эгэл жирийн монголчууд 0,07 га газраа ч авч чадахгүй, хэдэн үе дамжин нутаглаж ирсэн, гэрчилгээтэй намаржаа, хаваржааны нутгаа ч алдчихаад байхад Монголд шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад иргэн бүтэн уул дамнасан их хэмжээний газрыг хэрхэн авсныг бид үргэлжлүүлэн сурвалжилж хүргэнэ...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.