Дэлхийн 100 гаруй оронд коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авахыг оролдож байгаагаас 30 гаруй оронд клиникийн буюу хүн дээр туршиж эхлээд байгаа юм. Их Британийн Оксфордын их сургууль, АстраЗенека эм зүйн компани хамтран коронавирусийн эсрэг тарилга гаргаж авахыг оролдож байна.
Гэсэн ч туршилтад орж байсан өвчтөний биеийн байдал муудсан тул түр зогсооход хүрчээ. Туршилтын үеэр өвчтөний бие чухам яагаад муудсаныг хараахан тайлбарлаж чадаагүй байна.
Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин гаргаж авах өрсөлдөөнд АстраЗенека болон Оксфордын хамтарсан туршилт хүчтэй өрсөлдөгчдөд тооцогдож байсан юм. Туршилтын эхний 1, 2 дугаар шат амжилттай явагдсан тул дэлхийн зах зээл дээр хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авах магадлал өндөр байжээ. Харин гуравдугаар шатны туршилтын үеэр ийнхүү алдаа гарлаа.
Вакцин гаргаж авахаар оролдож байгаа бусад улс орнуудад ч мөн эхний хоёр шатны клиникийн туршилт амжилттай явагдаж, ойрын долоо хоногуудад гуравдугаар шатны туршилт руу шилжээд байна. Их Британи, Америк, Бразил, Өмнөд Африк зэрэг улсуудад 30,000 хүн туршилтад оролцож байгаа мэдээллийг ВВС өглөө. Туршилт дахиад хэдэн жилийн хугацаатай үргэлжлэх нь тодорхой бус байгаа ажээ.
Оксфордын туршилт саатаж байгаа тохиолдол хоёр дахь удаагаа болж байна. Одоогоор бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн өвчтөний байдал тодорхойгүй байгаа ч орон нутгийн эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлснээр ойрын өдрүүдэд эмчлэгдэж эмнэлгээс гарна гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий даяар коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авах 180 гаруй туршилт явагдаж байна. Орос, Хятад улсууд өөрсдийн гаргаж авсан тарилгаа коронавирустэй тэмцэхэд галын шугаманд ажиллаж байгаа ажилтнуудад хэдий нь тариад эхэлжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө вакцин гаргаж авахаа мэдэгдсэн. Гэвч энэ нь урьдчилан сэргийлэх тарилгын аюулгүй байдал, чанар стандартыг сахиж мөрдөхийн оронд улс төрийн зорилготой ашиглаж байна гэх шүүмжлэлд өртөж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.