Энэ жилийн наадмаар уламжлал болсон зарим арга хэмжээг зохион байгуулахгүй


Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан:

“Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ДЭМБ болон ЭМЯ-наас өгсөн нийтлэг шаардлагыг хангаж олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахаар болсон. Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах баяр наадмын төв талбайд болно. Хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим хэлбэрээр дамжуулан 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлан зохион байгуулна. . Тийм учраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд албан ёсоор хэлье. Ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ зохион байгуулагдахгүй. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа, Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур болон шагайн харваа, төрийн хүндэтгэлийн концертыг нийт ард иргэддээ радио, телевизээр болон цахимаар шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. ” гэв.

Мөн нийт ард иргэд та бүхэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлах, баяр наадам зохион байгуулагчид болон Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг хүсэж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.