ПАРЛАМЕНТИЙН ДАРХЛАА ҮГҮЙ БОЛОВ
УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатад шүүхээс зургаан жилийн хорих ял оноов.
Өнөөдрөөс эхлэн парламентийн дархлаа үгүй боллоо. Шүүх эрх мэдэл нь хууль тогтоох буюу парламентийн эрх мэдэл рүү түрэмгийлэн халдаж, зэрэгцэн орших ёстой байсан атал дээр нь гарснаар барахгүй цаашид харцаараа хөдөлгөж байх нөхцөл үүсэв.
Олныг эс тайлбарлан нэгэн богино үлгэр хүүрнэе.
Эртээ урьдын цагт нэгэн хаан байж гэнэ. Тэр хаан хэмжээлшгүй эрх мэдэлд умбахыг хүсэж л дээ. Үүнд нь парламентийн гишүүд саад болоод байсан учир тэдэнд хэрэг тохон шүүхээр яллаж, замаасаа зайлуулснаар хэмжээлшгүй эрх мэдэлдээ хүрч гэнээ.
Үүнээс улбаалан парламентийн дархлаа чухлыг дэлхий даяар ухааран УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдгийг бий болгожээ. Парламентийн засаглалтай улс бүхэн энэхүү дүрмийг Үндсэн хуульдаа тусгаж өгсөн байдаг атал Монгол улсад анх удаа бүрэн эрхтэй байсан гишүүнийг цагдан хорьж, УИХ-ын гишүүний эрх нь сонгуулийн үр дүнгээр шинээр үүсээд байхад нь дахин дахин яллав.
Одоо цаашид юу болох вэ?
Эрх мэдэл нэг цэгт төвлөрч эхэлнэ. Дарангуйлал тогтож эхэлнэ. Парламентийн дархлаа үгүй болно. Шүүх эрх мэдлийг атгасан эрхмүүдэд таалагдахгүй хүмүүс ээлж дараалан шүүхээр дамжин шоронд хоригдох болно.
Хамгийн ноцтой нь, сонгогчдын сонгох эрх чөлөө хумигдаж, сонгогдох магадлалтай нэр дэвшигчийг шүүх эрх мэдлийг атгасан нөгөө нөхөд “хонгил”-оороо чирэх болно. Миний сонгохыг хүссэн нэр дэвшигч нэг өглөө сэрэхэд “алга болох” болно.
Тэгэхээр энэ бол Ж.Эрдэнэбат гэдэг хүний тухай асуудал биш юм. Ж.Эрдэнэбат алдаа гаргасан байж болно. Тэр хууль бус зүйл хийсэн байж магадгүй. Гагцхүү түүнийг халдашгүй эрхээсээ буухад нь хууль хяналтын байгууллага шүүх ёстой байсан! Бид үүнийг Үндсэн хуулиндаа дархалж өгсөн байдаг.
Энэ өдрийг санаж явагтун.
2020 оны долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Монголд парламентийн дархлаа үгүй боллоо. Сонгогч таны сонгох эрх чөлөө хумигдлаа.
Эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.