БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод учир битүүлэг халдварт вирус тархаж байгаа талаар хамт ажилладаг эмч нартаа цахим сүлжээгээр анхааруулсан Ли Венлиан цар тахлыг анхлан мэдсэн гэдгээрээ дэлхий дахинд танигдсан юм. Тэрээр өнгөрөгч хоёрдугаар сард коронавирусийн халдварын улмаас нас барсан бөгөөд бие давхар эхнэр нь бэлэвсэрч үлджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр баасан гарагт Ухань хотын эмнэлэг Ли эмчийн бэлэвсэн эхнэр эсэн мэнд амаржжээ. Тэрээр өөрийн WeChat цахим сүлжээнд “чи минь диваажингаас түүнийг харж байна уу? Чиний минь наддаа үлдээсэн хамгийн сүүлийн бэлэг хорвоод ирлээ. Би тэднийг сайн асран халамжлах болно” хэмээн бичсэн байна.
Их сургууль хамт төгсөж мөр зэрэгцэн ажиллаж буй найзууддаа халдварт өвчин байж магадгүй гэдгийг сэрэмжлүүлж, болгоомжтой байхыг сануулсан зурвас илгээсний дараа Уханий цагдаагийн газар Лиг хуурамч цуу яриа тараасан хэргээр шалгаж байсан юм. Тэрээр хоёрдугаар сарын 1-ний өдөр коронавирусээр халдварласан болох нь тогтоогдож, долоо хоног хүрэхгүй хугацааны дараа 34 настай залуу эмч нас барсан билээ.
Уханьд ийнхүү анх илэрсэн Ковид-19 нэртэй коронавирус өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хүрч, 7,7 сая хүн халдварлаж, 430,000 хүн нас бараад байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.