Ливан улсын хотуудад хоёр дахь шөнөдөө дараалан олон зуун иргэн жагсаалд нэгдэж эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн байна. Ливаны мөнгөн тэмдэгт фунтын ханш өнгөрсөн оны аравдугаар сараас хойш 70 хувиар буурч түүхэн доод хэмжээндээ хүрээд байгаа юм.
Коронавирус тархаж эхэлсэн нь эдийн засаг, санхүүгийн хямралыг улам бүр хүндрүүлжээ. Нийслэл Бейрут, хойд хэсгийн Триполи зэрэг хотуудад жагсагчид цагдаа нар луу чулуу, галт бөмбөг шидсэн байна. Хариуд нь цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, хиймэл сумтай буу ашиглажээ.
Мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасантай холбогдуулан өчигдөр буюу баасан гарагт Ливаны Засгийн газар ханшийн уналтыг тогтоон барихын тулд АНУ-ын мөнгөн тэмдэгт долларыг зах зээлд түлхүү нэвтрүүлэхээр болсон гэдгийг мэдэгдсэн байна. Засгийн газрын арга хэмжээ ирэх долоо хоногийн даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ.
Тус улс эдийн засгаа эргэн сэргээхийн тулд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт, санхүүжилт олгох хүсэлтээ Олон улсын валютын санд тавьж, яриа хэлэлцээрт бэлдэж байна.
Улс төрийн тогтвортой бус байдлаас болж нийт иргэдийн 1/3 нь ажилгүй болсон Ливан улсад одоогоор зээл тусламжийн багц олгох нөхцөл бүрдээгүй гэдгийг эх сурвалжид онцолжээ. Эдийн засгийн хүнд нөхцөл байдал, ханшийн уналтыг эсэргүүцсэн иргэд банк, худалдааны төвүүдийн гадаа жагссан байна. Иргэд улс төрчид болон банкуудыг хямралд буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.