Тосгоны 40 гаруй эмэгтэйг хүчирхийлсэн эрийг баривчилжээ
Нигерийн цагдаагийн газрын мэдээлснээр бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлан саатуулжээ. Уг сэжигтэн нь жилийн турш тосгоны 40 гаруй эмэгтэйг ээлж дараалан цувралаар хүчирхийлсэн гэж үзсэн байна.
Тус улсын Кано мужийн нутаг дэвсгэрт байдаг Дангора нэртэй жижиг тосгоны оршин суугч эмэгтэй охиныхоо унталгын өрөөнөөс сэжигтнийг олжээ. Сэжигтэй этгээд түүнээс зугтаасан боловч хөршүүд нь хөөж саатуулснаар барьж чадсан байна.
Цагдаагийн мэдээнд дурдсанаар уг эрэгтэй нь 80 настай ахмадаас 10 настай хүүхэд хүртэл бүх насны эмэгтэйчүүд рүү дайрч, бэлгийн дарамт үзүүлэн хүчирхийлжээ. Дангора тосгон нь мужийн нийслэл Кано хотоос 85 км орчим зайд байдаг тул цагдаагийн хүчний тусламж авах нь тун бэрх ажээ.
Тосгоны захирагч Ахмаду Яугийн хэлснээр гэмт этгээд баригдсанд оршин суугчид баяртай байгаа бөгөөд хэргийг шударга шийднэ гэдэгт итгэж байна гэжээ. Тосгоны иргэд цуврал хүчирхийлэгч байгааг мэдсэнээс хойш жилийн турш гэртээ ч тухтай байж чадахаа больсон байна. Харин одоо гэмт этгээд баригдсан тул тайван нойрсож чадахаар боллоо хэмээн тосгоны оршин суугч эмэгтэй ярьжээ.
Нигери улсад охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, аллагын гэмт хэрэг ихээр үйлдэгддэг бөгөөд улс орон даяар #WeAreTired буюу бид ядарч байна гэсэн хаштаг хөдөлгөөн өрнөж, олон мянган эмэгтэйн гарын үсэг цугларсан байна. 2019 оны долдугаар сард хийсэн судалгаагаар Нигери улсад амьдардаг гурван охин тутмын нэг нь 25 нас хүртлээ багадаа нэг удаа бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэжээ.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.