ВИДЕО: Н.Идэрмөнхийн шинэхэн үзүүлбэрийг сонирхуулж байна

Монгол дуучин Н.Идэрмөнхийн оролцож буй БНСУ-ын “Е” сувгийн “Topgoal Rhapsody” дууны тэмцээний зургадугаар дугаар өнгөрөгч бямба гарагт болж өнгөрлөө.

Энэхүү нэвтрүүлэг нь К-поп-т дуртай гадаадын оршин суугчдын оролцдог дууны тэмцээн юм. Солонгос дуунуудыг солонгосоор төдийгүй эх хэлээрээ дуулан, эцсийн ялагч болсон оролцогч өөрийн цомгоо гаргах боломжтой болох юм.

Энэ удаагийн дугаарын сэдэв нь “К-поп-ийг орчуулж болох уу?” нэртэй байсан бөгөөд өмнөх таван дугаарын ялагч дундаас “Хаадын хаан”-ыг тодруулах зорилготой байлаа. АНУ, БНХАУ, Филиппин, Испани, Монгол зэрэг таван орны оролцогч цугларч, тэдний дундаас шилдгийг нь тодруулах хүчтэй өрсөлдөөн өрнөжээ.

Түүний дууг сонссон гадаад шүүгч “Адил гадаад хүний хувьд хоёрдугаар бадгийг хэрхэн дуулахыг их сонирхож байлаа. Монгол хэл мэдэхгүй ч гэсэн маш цэвэрхэн, сонсоход амар санагдлаа. Эх хэл дээрээ дуулахдаа улам их эрч хүчтэй үзүүлбэр үзүүлсэн гэж бодож байна” гэв.

Үүнтэй санал нийлсэн солонгос шүүгч “Би ч бас тэгж бодож байна. Би харин ч хэтрүүлэх вий гэж санаа зовж байсан. Иймэрхүү тэмцээнд оролцон, мөн “Хаадын хаан” гээд байвал хүмүүс дуулахдаа хэтэрхий их хүч өгч, олон алдаа гаргах тохиолдол бий. Харин Идэрмөнх огт хэтрүүлээгүй нь их таалагдлаа. Үйл явдлын өрнөл шиг дуулалт цаашлах тусмаа хүчтэй болж байсан нь яг л мэргэжлийн дуучин мэт санагдлаа, их өндрөөр үнэлж байна” гэжээ.

Өөр нэгэн шүүгч “Монгол бол маш өргөн газар нутаг, байгальтай орон. Тэрийг та өөрийн хоёр нүдээрээ харж, сэтгэлдээ тээж явдаг болоод ч тэр үү дуулж байгаа дүр төрхийг чинь харахад үнэхээр их ариун, цэвэр сэтгэгдэл төрлөө” гэсэн байна.

Харамсалтай нь Идэрмөнх түүний дараа дуулсан Филиппин оролцогчид 2-9-өөр хожигдон, өрсөлдөөнд цааш үлдэх боломжгүй болжээ. Гэвч тэрээр тийм ч их сэтгэлээр унасангүй, “Би сэтгэл хангалуун байна. Цаашид илүү сайн дүр төрхөө үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно" гэлээ.

Түүний “Topgoal Rhapsody” тэмцээний аялал ийнхүү өндөрлөж буй ч тус улс дахь дуучны замнал нь дөнгөж эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийн ачаар монгол дуучин Н.Идэрмөнх улам олонд танигдан, чамгүй олон солонгос шүтэн бишрэгчтэй болсон юм.

Ингээд уншигч та бүхэн түүний сэтгэл хөдөлгөсөн шинэхэн үзүүлбэрийг таалан сонсоорой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.