ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн ХЭН НЬ ХЭН БЭ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 04 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, ХЭҮК-нд нэрээ дэвшүүлсэн 24 хүнд анхан шатны шалгаруулалт хийгээд 19-ийг шигшиж үлдээснээ олон нийтэд зарлалаа.
ХЭҮК-ын гишүүний 5, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний 1, нийтдээ 6 орон тоонд нэр дэвших материалаа өгөөд эхний шалгуурыг даваад байгаа 19 хүний 6 нь ХЭҮК-т өдгөө ажиллаж байгаа хүмүүс байна.
Ингээд эхний шалгуурыг даваад байгаа хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг өөрийнхөө мэдэх хэмжээнд уншигч та бүхэндээ хүргэе.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Х.Мөнхзул
Хэрвээ би андуураагүй бол ХЭҮК-ын Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референт Хүрэлбаатарын Мөнхзул ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлжээ. Тэрбээр ХЭҮК-ын референт, ахлах референт, хэлтсийн дарга, Ажлын албаны даргын албыг гүйцэтгэж байсан туршлагатай.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Г.Агар-Эрдэнэ
ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Ганхуягийн Агар-Эрдэнэ. Хэдийгээр насны хувьд залуу боловч хүний эрхийн чиглэлээр маш өндөр түвшинд мэргэшсэн цөөн хүмүүсийн нэг.
"Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ассоциаци" олон улсын байгууллагаас 2014-2016 онд Ази Номхон далайн бүсийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын дунд "Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд" сонгож ажиллуулах тухай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголоос тэнцсэн хоёр хүний нэг нь.
Өмнө нь Үндсэн хуулийн цэцэд референт ахлах референтээр ажиллаж байгаа 2010 оноос өнөөг хүртэл ХЭҮК-т ахлах референт, хэлтсийн даргын албыг эрхэлж байгаа. Хүний эрхийн судалгаа, сургалт, эрүү шүүлтийн эсрэг чиглэлээр илүү мэргэшсэн.
Зан төлөвийн хувьд эгэл даруухан, ноён нуруутай, ажил мэргэжилдээ эзэн болж чадсан залуусын төлөөллийн нэг.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Б.Энхболд
Хүний эрхийг хамгаалах чиглэлээр чихэнд сонсогдох, нүдэнд харагдахуйц ажил, судалгаа хийсэн Б.Энхболд гэж хүний талаар би лав огт сонсоогүй. Гүүглээс Б.Энхболд гэж хайхаар ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй,криминологийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хошууч, Батзэвэгийн Энхболд гэдэг илэрц гарч ирлээ. Бодвол мөн биз.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Ш.Цогбаатар
Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Шаравнямбуугийн Цогбаатар өөрийнхөө нэрийг ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшүүлж. Яг энүүхэндээ гэж хэлэхэд ХЭҮК-ын гишүүнд цагдаа хүчний байгууллагынхан орж ажиллахыг би эрс эсэргүүцдэг. ХЭҮК гэдэг байгууллагын үндсэн чиг үүрэг нь прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тагнуул, АТГ зэрэг хүчний байгууллагын ажилтнуудаас жирийн иргэдийг хамгаалах шүү дээ. Төрийн махны машин буруу ажиллаад эхлэхээр жирийн иргэдийг яаж харгислаж, тамлаж, эрүү шүүлт тулгаж, хилс хэрэг хүлээлгэж болдгийг бид Б.Содномдаржааг яргалж буй камерын бичлэгээс хангалттай үзсэн. Цагдаад насаараа ажилласан хүний цагдаагийнхаа эсрэг ажиллаж, тэдэнтэй хариуцлага тооцно гэдэгт би лав итгэхгүй.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч П.Оюунчимэг
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн болгох нь бүү хэл тэр байгууллагын босгыг алхуулж болохгүй жигшүүрт хүн. Энэ хүн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж ямар ч тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийнхөө эзэмшилд байдаг “Жи би эс импекс” ХХК-ийнхаа “Хабу” зочид буудалд тайчих үзүүлбэр үзүүлдэг, охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж мөнгө олсоор ирсэн хүн. ХЭҮК-ын гишүүн болсон цагаасаа эхлэн аливаа сургалт арга хэмжээ, шинэ жилийн цэнгүүн, тэмдэглэлт өдрийг тохиолдуулсан аливаа үйл ажиллагааг “Хабу” зочид буудалдаа зохион байгуулж, ХЭҮК-ын төсвөөс чамгүй их мөнгийг сааж бэлжсээр ирсэн хүн шүү дээ. Ер нь яаж ч бодсон охидын биеийг үнэлүүлж, тэднийг ёс бус үйлдэлд татан оролцуулж, садар самуунд уруу татаж мөнгө хийдэг хүн охид эмэгтэйчүүдийг эрхийг хамгаална гэж байхгүй.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч З.Өнөржаргал
ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн ахлах референт Загдаагийн Өнөржаргал. ХЭҮК-т хамгийн олон жил ажиллаж байгаа шилдэг референтүүдийн нэг. Сүүлийн 10-аад жил хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр дагнан мэргэшиж, хөдөлмөрлөх эрхийн маргаантай холбоотой маш олон судалгаа, сургалтуудыг хийж байгаа хүн.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Б.Өнөрмаа
Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн ахлах прокурор, судлаач, Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, доктор Бямбажавын Өнөрмаа. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр цөөнгүй өгүүлэл, нийтлэл бичиж мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж байсан.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч М.Гантулга
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч УЕПГ-ын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророор ажиллаж байсан Мөнхөөгийн Гантулга бололтой.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Г.Наранбаатар
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Наранбаатар бололтой.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Т.Ихтамир
ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Тогоохүүгийн Ихтамир. ХЭҮК-т 2008 оноос референт ахлах референтээр ажиллаж байгаад 2015 оноос Гомдол хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Хүний эрхийг хангах, хамгаалах, тэр тусмаа хууль хүчний байгууллагууд хүний эрхийг зөрчиж буй үйлдэлтэй мятрашгүй тэмцсээр ирсэн хүний эрхийн зүтгэлтэн. ХЭҮК-оос хийж буй аливаа хяналт шалгалтуудын бараг 80 хувийг Т.Ихтамир дарга гардан гүйцэтгэдэг. Шилдэг залуу боловсон хүчнүүдийн нэг.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Б.Баттулга
“Социалист туршилтад 70 жил” номын зохиогч, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б.Баттулга бололтой.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Б.Нармандах
“Үндсэн хуулийн өөрчлөлтийн эргэн тойронд” номын зохиогч, судлаач Б.Нармандах бололтой.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Энхцэцэг
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлжээ. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлснээр хүний эрхийг хамгаална гэж тэрбээр үздэг. Тэрбээр өөрийнхөө удирддаг хүрээлэнгээр дамжуулан иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх таван жилийн турш үргэлжлэх хоёр үе шаттай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хүний эрхийн төлөө цогтой, тууштай, хамгийн гол нь үр нөлөөтэй тэмцэж байгаа шилдэг залуусын төлөөлөл.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Ж.Хунан
Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан. Төр, эрх зүйн ухааны магистр, Ёотвэш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургууль, Унгар улсын Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Шилдэг боловсон хүчний нэг.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Г.Нарантуяа
Олон улсын эрх зүйч (PhD), Австралийн Үндэсний Их Сургуулийн зочин судлаач Г.Нарантуяа ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлжээ. Тэрбээр ХЭҮК-ын хаалттай байдал, хүний эрхийн зөрчилтэй холбоотой нийгмийг шуугиулсан асуудалд ХЭҮК дүйнгэ хөлдүү хандаж байгааг шүүмжилж, үйл ажиллагааг нь хэрхэн сайжруулах талаар маш олон санал санаачлагыг гаргаж байсан шилдэг залуусын төлөөлөл. Би андуураагүй бол Г.Нарантуяа нь ХЭҮК-ын Ажлын албаны даргаар цөөнгүй жил ажиллаж байсан.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Д.Сүнжид
Захиргааны эрх зүйн чиглэлээр асар өндөр түвшинд мэргэшсэн Монголын толгой хуульчдын нэг. Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр хамгийн үр нөлөөтэй ажиллаж чадах шилдэг хуульчдын төлөөлөл.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Д.Цэнд-Аюуш
"Монфемнет" хүний эрхийн үндэсний сүлжээний хуульч Дагвын Цэнд-Аюуш ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшээд байна. 2008 оны долдугаар сарын 01-ний өдөр нийтийг хамарсан үймээн дэгдэж, олон арван мянган хүнийг хомроголон баривчилж, тарчлан зовоож байх үед Д.Цэнд-Аюуш хуульч тэдний эрхийг хамгаалан тэмцэж, хууль зүйн туслалцаа үзүүлж байжээ. Харин тэгэхэд тухайн үед ХЭҮК-ын даргаар ажиллаж байсан Солонго гэх эмэгтэй долдугаар сарын 01-нд хүний эрх зөрчигдөөгүй гэх тайлбарыг хэвлэлээр өгч байсныг уншигчид санаж буй биз ээ.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Энхбаяр
Энэ хүний талаарх тодорхой мэдээлэл олдоогүй.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Ц.Адъяахишиг
ХЭҮК-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цээхээгийн Адъяахишиг. ХЭҮК-т хамгийн олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийн нэг. Хүний эрхийн сургалт, судалгааны чиглэлээр дагнан мэргэшиж, БДШХЭБХ-ийн даргаар ажиллаж байсан.
Эцэст дүгнэж хэлэхэд ХЭҮК-ын гишүүний 5, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний 1 нийтдээ 6 орон тоонд нэр дэвшиж буй 19 хүнийг тоймлон хэлбэл, ХЭҮК-оос 5, хууль бусаар тайчих үзүүлбэр үзүүлж, охидыг бэлгийн мөлжлөгт оруулах замаар мөнгө ологч 1, цагдаагийн байгууллагаас 2, прокурорын байгууллагаас 1, эрдэмтэн судлаач 9, хаана юу хийж явсан нь тодорхойгүй 1 хүн тус тус нэр дэвшжээ.
ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн хүмүүсийг харахад биеэ үнэлэлт зохион байгуулагч, авлигач эмэгтэйгээс бусад бусад бүх нэр дэвшигч нь нэр цэвэр хүмүүс байна. Салбар салбартаа өөрийнхөө мөнчгөрөөрөө цойлж яваа бөгөөд насны хувьд залуу, өндөр мэргэшсэн хүмүүс байгаа нь юутай аз завшаан бэ?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.