СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-аас ирсэн оюутан: Сүүлийн нэг сар өрөөнөөсөө гаралгүй, тусгаарлагдсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

ОХУ-ын Цэргийн сургуульд суралцдаг манай улсын 346 сонсогч эх орондоо өчигдөр ирлээ. ОХУ-ын Боловсролын яамны харьяа их, дээд сургуулиуд хичээлээ цахим хувилбарт шилжүүлсэнтэй холбоотойгоор оюутнуудын нөхцөл байдал хүндрээд байсан билээ. Эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойн баярын өдрийн өмнөхөн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай холбогдох үеэрээ тус улсад суралцаж буй сонсогчдоо авах хүсэлт тавьсан юм.

Монгол оюутнуудыг эх оронд нь авчрах асуудлаар Н.Энхболд сайд Оросын Батлан хамгаалах яамнаас дэмжлэг хүссэн бөгөөд энэхүү хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж, ийнхүү монгол оюутан, сонсогчид болон Монгол Улсын Зэвсэгт хүчний зарим алба хаагчдыг тээвэрлэн авчрав. Манай улсын ОХУ-д суралцдаг 1000 гаруй оюутан эх орондоо ирэх хүсэлт тавьжээ. Сонсогчдыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Бага баян” амралтын газар, “Тоёоко инн” зочид буудалд тусгаарласан байна. Тусгай нислэгээр коронавирусийн халдвар авсан өвчтөнтэй ойр байсан, мөн халдвар аваад эдгэрсэн оюутнууд иржээ. Тэднийг өнөөдөр шинжилгээнд хамруулах аж.

Энэ талаар Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Батсайхан "Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын санаачилга гаргасны дагуу ОХУ-ын БХЯ ийнхүү богино хугацаанд өөрийн зардлаар монгол сонсогч, оюутнуудыг эх оронд маань хүргэж ирлээ. Энэ бидэнд том тус хүргэсэн үйл явдал боллоо. Монгол, Оросын Батлан хамгаалах салбарын найрсаг харилцааг илэрхийлсэн, хоёр улсын Батлан хамгаалах сайдууд хамтран хилийн чанадад сурч байгаа сонсогчдын эрүүл мэндийн төлөө хийж буй чухал алхам" боллоо гэлээ.

ОЮУТНУУД ӨӨРСДӨӨ АМНЫ ХААЛТАА ОЁЖ БАЙГАА

Бид ОХУ-ын цэргийн сургуулийн VI дамжааны оюутан Б.Б-ээс зарим зүйлийг тодрууллаа.

-ОХУ-д нөхцөл байдал хэр байна вэ?

-Би цэргийн сургуульд дөрөв дэх жилдээ суралцаж байгаа. Амралтаараа эх орондоо ирдэг юм. Харин энэ жилийн тухайд өвчлөл гарсан болохоор өвөл гэртээ ирж чадаагүй. ОХУ-д нөхцөл байдал хүнд байгаа. Өдөрт шинээр 10 мянган хүн коронавирусийн халдвар авч байна. Би оюутны байранд амьдардаг байсан. Орос оюутнууд амраад явчихсан. Харин гадны улсын оюутнууд л дотуур байрандаа үлдсэн.

-Байранд нь халдвар авсан оюутан байсан уу?

-Манай байранд байгаагүй. Бусад байранд халдвар тархсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Коронавирусийн халдвар аваад, эдгэрсэн оюутнууд бидэнтэй хамт ирсэн. ОХУ-д сурдаг монгол оюутнууд бүгд ирсэн. Харин энгийн сургуулийн цөөхөн оюутан ирээгүй үлдсэн.

-Хүндрэлтэй зүйл юу байв?

-Дотуур байр учраас цаанаасаа хоолтой. Хоол хүнсний хомсдол зэрэгт ороогүй. Харин амны хаалт олоход хүндрэл тулгарч байлаа. Гадуур гарч болохгүй болохоор цахимаар амны хаалт захиалдаг. Тэр нь олон хоног болж байж ирдэг юм. Цэргийн сургуулийн оюутнуудад самбай тараагаад, өөрсдөө амны хаалтаа оёхыг зөвлөж байсан. Цэргийн сургуулийн бүх оюутан бараг амны хаалтаа өөрсдөө оёж, хэрэглэж байгаа. Сүүлийн хоёр сар огт хичээл ороогүй болохоор эх орондоо хурдан ирэхийг хүсэж байлаа. Мөн сүүлийн нэг сар өрөөнөөсөө ч гарах эрхгүй, тусгаарлалтын байдалтай байсан.

-Эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Сүүлийн хэд хоног хурдан ирэх юм сан гээд өдөр хоног тооллоо. Олон хүн зэрэг өвдөөд, халдвар эрчимтэй тархаж байгаа талаар сонсох хэцүү байсан. Харин хоёр улсын Батлан хамгаалах яамны сайд нар хурдан хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэсэнд маш их баяртай байна. Одоо шинжилгээгээ өгнө. Надаас илүү ар гэрийнхэн маань санаа зовж байсан. Одоо тэд минь эх орондоо ирсэн гэдгийг сонсоод баяртай байгаа.

Д.Чанцал

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
3 жилийн өмнө
192.82.75.14

ОДОО СТГЭЛ САНААГАА ТАЙВАН БАЙЛГАЖ, ДАНДАА ӨӨДРӨГ САЙХАН ЮМ БОДОЖ ХООЛОО САЙН ИДЭЖ, ДЭГЛЭМЭЭ САЙН САХИАРАЙ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.