Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдоржийн найзууд оффшороос 280 сая ам.доллар оруулж ирэн хаусны хороолол босгосон
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар өнөөдөр Улсын ерөнхий прокурортой уулзаж, жилийн өмнө хүргүүлсэн 23 томооохон хэргийг шийдвэрлүүлэх шаардлагын дагуу авч байгаа арга хэмжээ, явцтай танилцаж байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
-Авлига, албан тушаалын 23 хэргийг шалгах хүсэлтийг УЕП-т жилийн өмнө тавьж байсан. Энэ хэрэг маань задарч, 40 хэрэг болжээ. Нэг хэрэг 5-6 хэрэг болсон байна. Энэ хугацаанд 54 тэрбум төгрөгийн хохирол улсад нөхөн төлөгджээ. 14 хэрэг шүүхэд шилжсэн байна. Төрийн банкнаас 20 тэрбум төгрөг зээлсэн "Шинжиан Шинфа" ХХК зээлээ төлжээ. Тавантолгойгоос хулгайлагдсан 368 мянган тонн нүүрсний хэрэг шүүхэд шилжиж байгаа юм байна. Эдгээр хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Зарим хэргийн талаар зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл авлаа.
УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан:
-"Стандарт" банк, Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэг шалгагдаж байна. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын аж ахуйн нэгжүүдийг дээрэмдсэн, тоносон, айлган сүрдүүлсэн хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явна. Дээрх хэргүүдийн 20 хувь нь прокурорт шилжжээ. Төрийн банкны 20 тэрбумыг төлж, улсыг хохиролгүй болгосон байна.
ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Жилийн өмнө сул гишүүн байсан миний бие одоо хамгийн их мэдээлэлтэй таван хүний нэг болоод байна. МАНАН бүлэглэлд хэн, хэн байна гэж судалж байсан бол одоо хэн, хэн байхгүй байна гэдгийг хайх хэмжээнд байгааг ойлголоо.
Яллагдагчаар татагдсан олон хүн бие даан нэр дэвшиж байна. Энэ хүмүүс энэ долоо хоногийн сүүл гэхэд нэр дэвших эрхээ авна. Нэр дэвших эрхээ авбал хуулиараа шалгах боломжгүй болно. Хэрэв сонгогдвол дөрвөн жил хамгаалалтад орно. 60 тэрбум хэрэг, сүүлд 100 саяын хэрэг гарлаа. 100 саяын хэрэг бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хэрэг гэж шууд хэлэхээс аргагүй.
Эрдэнэт үйлдвэртэй холбоотой "Нэгдсэн найзуудын сүлжээ"-ний нөхөд Монгол улс руу 270-280 сая ам.доллар оруулж ирж, тэр нь хаусны хороолол боссон байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед Эрдэнэтийн дарга нар өөрсдөө нэгдүгээр гарын үсэг зурж чадахгүй хэмжээнд хүрсэн байсан.
Дубайн хэрэг дээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг зөвхөн өөрөө захирамж гарган, Рио Тинтогийн долоо нөхцлийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулуулсан. Одоо өөрөө гадаад руу гарсан, М.Б.Ходорковскийгийн хөлсөлж байсан, дэлхийн хамгийн шилдэг хуулийн фирмийг хөлсөлсөн байна. Энэ хэний мөнгө вэ?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.