Казахстан Улсад сурч буй оюутнууд ГХЯ-нд хандаж гомдол гаргажээ

Казакстан улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 1179 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас бараад байна.

Тус улсад 3000 орчим Монгол иргэн оршин сууж буйгаас дийлэнх нь оюутан залуус аж. Тэд эх орон руугаа буцах хүсэлтэй байгаа бөгөөд Монгол Улсаас гарах ямар нэгэн албан ёсны шийдвэрийг хүлээж байгаа гэдгээ цахим орчинд илэрхийлсээр байгаа. 

Үүний бас нэгэн илэрхийлэл болгож тус улсад сурч буй оюутан, залуусын холбооноос албан ёсны фейсбүүк хуудас дээрээ дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хандан өргөдөл гаргажээ.

Уг өргөдөлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

“Монгол Улсын Гадаад Харилцааны Яам болон сайд Д.Цогтбаатар танаа!

Монгол Улсаас Казакстан Улсад суугаа оюутнууд болон иргэдийн зүгээс гомдол гаргах нь,

Дэлхий нийтийг хамарсан коронавирус буюу ''Covid-19’’ хэмээх аюулт цар тахал өвчин тус улсад анх 2020 оны гуравдугаар сарын 9-ны өдөр бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл маш эрчимтэйгээр бүх хотуудад тархаж, халдварын тоо 900-д хүрч, есөн хүн нас барж, өдөрт зуу зуугаараа халдвар авч байна.

Казакстан Улсад энэхүү вирус тархаж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын Засгийн газрын шийдвэрээр Их, дээд сургуулийн оюутны дотуур байрны үйл ажиллагааг хязгаарлан, хөл хорио тогтоосон билээ. Иймд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын оюутан залуус, Монгол Улсын иргэд бидэнд санхүүгийн болон эрүүл мэндийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Эрхэм хүндэт Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар танд Үндсэн Хуулийн 2.16.12 заалтын дагуу гомдол гаргах нь:

1. Бид Монгол Улсын Үндсэн Хуулийн (2.14.1; 16.1; 16.2; 16.6; 16.7; 16.12; 16.16; 16.18; 19.1; 19.2) зүйл заалтуудыг эдэлж хамрагдаж чадахгүй байна;

2. Монгол Улс гадаадад буй иргэд болон оюутан залуустаа харилцан адилгүй хандаж байна;

3. Монгол, Казакстан, ОХУ, БНХАУ-ын элчин сайдын яамдууд УОК-той ярилцаж иргэдээ нутаг буцаах асуудал дээр шуурхай арга хэмжээ авахгүй байна;

4. Казакстан улсад суугаа консулын газар нь энд байгаа иргэдтэйгээ холбоо тогтоодоггүй, цахим орчинд өдөр тутам мэдээлэл хүргэдэггүй, иргэдийнхээ төлөө тодорхой ажил огт хийхгүй байна.

Өөрөөр хэлбэл бид үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй хуулийн гадна хаягдаад байна. 

ОХУ, Казакстан улс нь зэргэлдээ оршдог. Манай улс энэхүү хоёр улстай адил хэмжээний дипломат харилцаатай. Гэтэл ОХУ-аас оюутнуудаа автобусаар татан авлаа. Харин энд байгаа оюутнуудын талаар Улсын Онцгой Комиссын хурал болон бусад гадаад харилцааны асуудал дээр огт яригдахгүй байгаа нь Үндсэн Хуулийн 2.14.2 заалтыг зөрчиж байна гэж бид үзэж байна.

ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тусгай хамгаалалттай машинаар тухайн улсын хяналтад транзит буюу дамжин өнгөрөх татан авалт хийж болно гэж үзэж байна. Эсвэл БНХАУ-аас оюутнуудаа авсан шиг хятадын талтай тохиролцож, мөн л тусгай хяналт хамгаалалттайгаар дамжин өнгөрч Ховд аймгаар татан авалт хийж болно.

Эдгээр боломжуудыг эргэн харах талаар бид холбогдох газруудад удаа дараа хүсэлт явуулсан боловч тодорхой арга хэмжээ авахгүй өдийг хүрлээ. Иймээс бидний асуудлыг шийдвэрлэж яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.

Нөхцөл байдал Европ, Америк, Итали шиг хүнд болоогүй байгаа дээр биднийг татан аваач. Бид онгоц, таван одтой зочид буудал нэхээгүй, хүсээгүй. Биднийг зүгээр л газраар буюу автобусаар зөөвөрлөөч гэж хүсэж байна.

Бусад орнуудыг бодоход Казахстан Улс Монгол Улстай ойр, татан авах боломжтой хэд хэдэн арга байна. 

Бид ч бас Монгол Улсын албан ёсны иргэд учраас гэртээ харимаар байна.

Хүсэлт гаргасан Монгол Улсаас Казакстан Улсад сурч буй оюутан, иргэд залуусын холбоо” гэжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.