ВИДЕО: Т.Бадрал: Гадаадад байгаа иргэдээсээ Монгол Улсын Засгийн газар хүлцэл өчье
УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цаашдаа гадаадаас ирж байгаа иргэд маань халдварын тээгч болж орж ирж байна. Онгоц маань өөрөө хүртэл вирус халдаагч болох нөхцөл бүрдэж байгаа учраас гадаадад байгаа иргэд маань аль болох наашаа ирэхгүй байхыг зөвлөж байна.
Энэ сарын 15-нд Эрээн хотоос Монгол Улсын 50 иргэнээ авчрахаар болсон шийдвэрийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан. Дээрх иргэдийн мэдээллийг гуравдугаар сарын 25-нд Гадаад харилцааны яаманд ирүүлсэн. Ингээд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зочид буудал байрлуулахаар болж, иргэдээс тусгаарлах байрны төлбөрийг нь авч байгаа. Мөн тус улсад хэрэгт холбогдон баригдсан зарим иргэдийн хувьд тусгаарлах байрны мөнгөө төлөх боломжгүй байгаа. Дээрх иргэдийг тусад нь байрлуулж, оношлох, халдвар илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-руу авчрах асуудлаар Шуурхай штабын бүрэлдэхүүн ажиллахаар өнөөдөр гарч байна.
Замын-Үүд, Гашуун сухайт боомтын өргөтгөлийн барилгын ажил эхэлж, төлөвлөгөө ёсоор ирэх есдүгээр сард ашиглалтад орох юм. Иймд барилга байгууламжийн ажил хийх хятадын иргэдийг хүлээн авч тэнд байршуулах, тусгаарлах ажлууд хийгдэж эхэлнэ.
Эдгээр хүмүүс хил нэвтрэхгүй, дундын бүсэд барилга байгууламжийн ажил хийнэ. Мэдээж энэ хүмүүс орж 35-40 хоногийн хугацаанд тусгаарлаж, шинжилгээ өгсний дараа барилгын ажлыг эхлүүлэхээр болж байгаа.
Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг 6 дугаар сарын 1-нд хүлээж авч, эхний ээлжид коронавирусийн тусгаарлалтад ашиглах шийдвэр гарлаа. Уг эмнэлгийн хувьд дотроо 800 ор бий болгох боломжтой учраас гадаадаас ирэх иргэдийг энд тусгаарлана.
Хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулж буй тээврийн хэрэгслийг цагдаагийн машин дагаж явж, хүргэх цэгт нь хүргүүлж байгаа. Ингэж явахад цагдаагийн машин эвдрэх зэрэг хүндрэл гарч байна.
Тэрбээр үргэлжлүүлэн дөрөвдүгээр сард багтаан бүх эрүүл мэнд, УОК-ын гишүүн байгууллагуудыг оролцуулж COVID-19 тархсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургууль зохион байгуулж ажиллах хэрэгтэй. Энэ сургуулийг Улаанбаатар хотод биш Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хийх нь зүйтэй.
Нүүрс экспорт эхэлчихсэн энэ үед 14 хоногоор ажилладаг ээлжийн жолооч нарыг гэрт нь хариулахгүй ажилчдын байранд нь 14 хоног тусгаарлах шийдвэрийг гаргав.
Гадаадаас иргэдээс авах асуудлыг Улсын онцгой комисс шийдвэр гаргана. Наашаа ирэх гэж зүтгэн энд тэндэхийн онгоцны буудал, онгоцонд халдвар авах магадлал маш өндөр болчихлоо. Тийм учраас гадаадад байгаа иргэдээсээ Монгол Улсын Засгийн газар хүлцэл өчье. Иргэдээ авчрах боломж нь байхгүй байна. Дээрээс нь нэмээд наашаа ирэх гэж байгаад халдвар авах нөхцөл бүрдэж байгаа тул нөхцөл байдалдаа тааруулаад халдвар хамгааллын горимоо сахиж байхыг хүсэж байна” гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.