Ц.Анударь medee.mn
2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд, 9:00 цаг
Хотын төвийн кофе шопт ажил эхлэх үетэй зэрэгцэн уулзалт товлов. Нэр нөлөө бүхий хэсэг бүлэг эрхмүүдээс “Би угаасаа хоцордог юм” гэх хандлага ажиглагддаг. Түүнд тийм зүйл байсангүй 9:00 цагт товлосон газраа алхаад иржээ. Уулын пүүз, хар өнгийн сул тамирын өмд, шар куртка, саарал саравчтай RFC MONGOLIA бичигтэй малгай, нүдний шил болон маск. Тэрээр, “Сайн байна уу” гэж мэндэллээ. Шинээр баригдаж буй оффисийнхоо засварын ажил гээд тун завгүй байгаа нь ажиглагдав. Зүүн нүдэнд нь урьд болсон зодооноос авсан “бэлэг”-ний үлдэгдэл арилаагүй үүрд тогтчихсон бололтой. Зүүн гаран дээр бага зэргийн хөхрөлт харагдав. Бодвол дусал, тариа хийлгээд судсаа хагалчихсан юм болов уу.
Тэрбээр долоон хоногийн өмнө монголчуудын хамгийн их ханддаг фэйсбүүк сошиал сүлжээнд албан ёсоор нэгдсэнээ хэлж байна. Энэ хугацаанд дөрвөн мянга гаруй найзтай болж, мессенжерээр түүнд хандсан 450 гаруй чат хүлээн авчээ. Өөрийгөө “фэйсбүүкт хамгийн сүүлд нэгдсэн индиан нь би юм болов уу даа, их сонирхолтой юм” хэмээгээд цааш яриагаа үргэлжүүлэв.
Тэрээр “450 чатаас надад нэг үндэслэлтэй, таван үндэслэлгүй гуйлт, Ж нь “мөнгө зээлээч, шартаад үхэх гээд байна”, “Шорондоо хатаж үх” гэх нэг дайралт, үлдсэн нь “Тавтай морил”, Амжилт хүсье, дэмждэг шүү”, “Бууж өгч болохгүй шүү. Улстөрд эргэж ирээрэй” Аан цөөн хэд нь “Жинхэнэ Н.Номтойбаяр мөн үү” гэж асууна. Мөн байнаа гэж хариу бичихээр, талархаж байгаагаа шууд илэрхийлж хариу бичнэ. Энэ байдал нь нэг ноцтой зүйлийг бодогдууллаа. Хэрэв би биш, хэн нэг нь миний өмнөөс Номтойбаяр мэт жүжиглэж байсан бол яах уу? Дийлэнх нь гэнэн, хэт итгэмтгий санагдсан. Монгол хүний сайхан зан, төлөв л дөө. Миний талаар элдэв гүтгэлэг зөндөө явдаг. Миний нэрийг ашиглаж нийтдээ найман хуурамч аккаунт байдаг гэсэн. Магадгүй бас ингээд итгээд байдаг бололтой. Нуулгүй хэлэхэд би фэйсбүүктэй болсон шалтгаануудын нэг нь энэ” гэлээ.
Ярилцлага эхлэхээс өмнө хэдийнэ таньдаг хүмүүс шиг энэ мэт хөөрөлдөв. Түүнчлэн нүдэндээ бэртэлтэй учир одоогоор лайв хийх боломжгүй байгаагаа хэлж байлаа. Тэрээр, “Миний постууд ямар байна? Ухаж уншвал цаана үгийн цаана хоржоонтой, нууцлагдсан үнэн давхар агуулагдаж байгаа” хэмээн онцлов.
"НАМАЙГ ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭЖ ГҮТГЭХ Л ҮЛДЭЖ БАЙНА"
-Таниар сонин юу байна? Хамгийн сүүлд тантай Төрийн ордонд таарахдаа эмэгтэйчүүдийн оролцоог улс төрд нэмэгдүүлэх талаар асууж байсан. Таны нүүр зураг дээр төгссөн сургуулиудаа бичсэн байсан?
-Надаар онц гойд юмгүй ээ. Аж ахуйн ажил хийж байна. Оксфордын их сургуульд ойрын хэдэн жил улстөрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаална гэж өөртөө зорилт тавиад бэлтгэл ажил базааж байна. Дэлхийн номер нэг, тэр агуу их сургуулийг Монголоос нэг ч хүн докторын зэрэг хамгаалаагүй, маш хүнд сургууль гэхээр нь шохоорхоод гэх үү дээ өөрийгөө соримоор санагдаад байх юм. Намайг Номгүй-баяр гэж шоглодог. Америк болон Германд нэр хүндтэй сургуулиудыг төгссөн тоодоггүй юм байлгүй. Тэгвэл Оксфордыг амжилттай төгсөхөөр юу гэх бол? Энэ бөмбөрцөгийн хамгийн мундаг нь шүү дээ. “Н.Номтойбаяр Америкт, Германд сургууль төгссөн гэдэг нь үнэн юм уу, хуурамч диплом худалдаж авсан биз” гэдэг. Бүх юм нээлттэй. Тэр сургуулиудаас хэн ч лавлагаа авч болно. Монголд хуурамч диплом худалдаж авж болдог байх. Эсхүл диплом худалдаж авсанууд нь тэгдэг байх. Түүнээс АНУ, Германд диплом худалдаж авна гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Үсээ халцартал хичээл ном харсан юмсан. Тэрний үр дүнд нь дэд сайд, сайд хийхдээ муу сайд байгаагүй гэж боддог. Тэгээд ч дөрвөн жил хийх төлөвлөгөөт ажлын 46 хувийг нь нэг жилийн дотор гүйцэтгэж, 2017 онд ХНХЯ-ыг шилдэг нь болгосон. Харамсалтай нь шагналаа авахаас сарын өмнө огцорчихсон. Шинэ сайд нь миний авах байсан шагналыг авсан. За тэр ч яахав. Улстөрийн өнгө аяс орох гээд байна. Би дипломуудынхаа зургийг мессенжерээр явуулья. Харин онц, сайн сурч чадаагүй ээ. Тэнцэхийн босгоос жоохон дээгүүр чадан ядан төгссөн. Ер нь эцсийн мөчид цаг хугацаа болон нотлох баримтаар үнэнг гүйцнэ гээд элдэв байдлаар өөрийгөө хамгаалах, рекламдалгүй явсаар ирсэн. Хүмүүс намайг жаахан ч гэсэн “попрооч” гэдэг. Ёстой чадахгүй юмны нэг. Одоо миний нэр хүнд доод уналтынхаа цэгт хүрчихсэн. Үүнээс илүү намайг яаж муулах юм бэ, бүх байдлаар л үзлээ. Эх орноосоо урвасан, орон байрны хулгай хийсэн гэж гүтгэх л үлдэж байна. Залилан хийлээ, хүн аллаа, хүчин хийлээ, хүн хутгаллаа гээд бүхий л сэдвээр зөндөө гөвүүллээ. Харин зодоон цохион гэхээр би таг болно ш дээ. Сүүлийн зодооны асуудлаар твиттер дээрээ нэг зүйл бичсэн. Тэрийгээ скрийншот хийгээд өгье. Фэйсбүүк дэх найзууд маань хараг.
Энэ мэт ярианд хүртэл тэрээр Монголын санхүүгийн нөхцөл байдал, намуудын мөрийн хөтөлбөр, гарч байгаа зарим шийдвэрүүд нь мэргэжлийн бус, тэрийг нь ард иргэд мэдэхгүй хууртагдаад байгаад, мөн улс төр дахь шударга ёсны талаар бухимдаж шүүмжлээд, өөрийн эрхгүй улс төр лүү яриа нь ороод байх шиг...
Пэйж хуудас дээрээ нийтэлснийг харахад энэ өнцөг ч мөн цухалзжээ.
"НИЙГЭМ НАДАД ИТГЭЭГҮЙ"
-Та хэвлэлд нээлттэй байдагт бид талархдаг. Хэт нээлттэй байснаараа буруутаад авсан ч байх. Фэйсбүүкт энэ зангаараа байх уу?
-Нээлттэй байдаг. Тэрнээсээ болж буруутаагүй ээ. 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд би төрийн ордонд хэвлэлийн хурал хийсэн. Маш олон сэтгүүлч ирсэн. Тэр өдөр попууд шиг толгойндоо зурвас орсон бодлогогүй, хэтдээ эргэж ороогдох үг хэлээгүй. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлүүдийн нэг нь юу байсан бэ гэхээр тэр өдрийн хэвлэлийн хурлаар намайг УИХ-ынхаа бүрэн эрхээр түрий барьж саад учруулж, нууц задруулж, нөлөөлөх гэж оролдсон гэж үзсэн. Энэ үндэслэлээ энэ оны нэгдүгээр сарын 13-нд УИХ-д Ерөнхий прокурор өргөн барьсан. Гэтэл өмнөх жилийнх нь буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Нийслэлийн прокурорын тогтоол гарчихсан байсныг сүүлд олж мэдсэн. Тэр тогтоол дээр юу гэсэн бэ гэхээр “Н.Номтойбаяр саад болоогүй, нөлөөлөх гэж оролдоогүй, нууц задруулаагүй. Үндсэн Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хэвлэлийн хурлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлсэнийг тогтоолоо” гэсэн утгатай байсан. Би хэд хэдэн хэвлэлийн хурлаар чадах ядахаараа үнэнг өчиж байсан. Харамсалтай нь тэр үед надад нийгэм итгээгүй. Дээрээс нь намайг гэм буруугүй гэсэн прокурорын тогтоол, миний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал нь цаг хугацааны зөрүүний хувьд хачирхалтай ч зарим нөхдийн орилоод байдаг “хуулийн хонгилоор” намайг чирэх гээгүй бололтой. Тогтоолын зураг нь хэрэгтэй гэвэл аваарай. Нэг сонин юм нь юу вэ гэхээр, саяны яриад байгаа асуудлаар намайг буруутгах гэж өргөдөл гаргасан АПУ-гийн өмгөөлөгч, өмнө нь нийслэлийн прокуророор ажиллаж байсан Батхуяг гэж нөхөр өөрөө миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг их хурлаар шийдэхийн өмнө хийсэн хэвлэлийн хурлаар хуулийг ноцтой зөрчиж, одоо хоёр жилийн ял төлөвлүүлээд нийслэлийн прокурор дээр хэрэг нь байгаа гэж хэвлэлээс харлаа. Хууль хүчтэй юу? Хуулийн байгууллагад ажиллаж байсан, одоо архи зардаг мөнгөтэй компаний өмгөөлөгч хүчтэй юу? Хэрхэн шийдэхийг харж л байна.
-Н.Номтойбаяр казино, хар тамхитай холбогдож байв уу?
-“За зүгээр л байгаарай. Хоёр жилийн өмнө нэг сайт дээр намайг хар тамхи татдаг гэж нүүрээ нуусан нэг нөхрийн ярианы бичлэг гарсан. Тэгсэн залгуулаад цагдаагаас, “Таниас хар тамхины шинжилгээ авна” гэж утасддаг байгаа. “Тэг, тэг маргааш аваарай” гэсэн чинь өнөөх цагдаа, “Үгүй, одоо очоод авна” гэв. “За” гэлээ. Удалгүй нэг цагдаа залуу ажил дээр ирээд, надад нэг сав өгч үүн дотор “шээ” гэлээ. “За” л гэлээ. Уг нь Улсын Их Хурлын гишүүнийг тэгж болдоггүй юм. Гэхдээ би өөрөө шалгахыг нь зөвшөөрсөн. Дээжийг нь газар дээр нь шинжилдэг төхөөрөмж гэх юмуу нэг юмаар шалгаад, хариу нь тэр дороо гарсан. Юу гэж би хар тамхи хэрэглэдэг байхав дээ. Ойлгомжтой шүү дээ. Би тэнэг биш. Харин хариу нь гарсных нь дараа, тэр цагдаа залуу, “Би таныг хэрэглэдэг гэж бодож байсан” гэдэг байгаа. Тэгэхээр намайг ямарваа нэгэн байдлаар буруутгах гэж зөндөө оролдлого хийдэг. Цагдаа тийм л даалгавартай зохион байгуулалттайгаар эхлээд хэвлэлээр нүүрээ нуусан нэг нөхрөөр яриулж суурь тавиад, одоо шалгаж байгаа юм байна даа гэж бодсон. Арай шинжилгээний хариуг солиод хорлочихож магад гэж бодоод би зураг дарж, бичлэг хийгээд авсан. Үзүүлж болно.
Намайг “Улаан мөрийтэй тоглоомчин” гэж нэг удаа бичсэн. Сүүлдээ аав, хүү хоёр нийлээд гадаадад тоглодог гэж өдөр тутмын нэр хүндтэй гэгддэг сонинд шүү. Ямар зорилгоор яагаад ингээд бичээд байсныг ерөөсөө ойлгоогүй. Казиногоос бид ёстой хол. Хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө казинодно гэж байдаггүй юм. Казино битгий хэл хадгаламжинд ч олсон мөнгөө хийдэггүй. Надад хадгаламжийн данс ч байхгүй. Миний хөрөнгө оруулгын мэдүүлгийг сайт дээрээс хараарай. Бүгдийг нь эргээд бүтээн байгуулалт, үйлдвэр гээд улс орны хөгжилд хөрөнгө оруулалт хийдэг. Харин би 19-той байхдаа тоглож үзсэн. АНУ-д оюутан бацаан. Сургалтын төлбөрөө төлөх ёстой 7200 ам.доллароо нугалах гэж казино ороод нүд ирмэхийн зуур алдаж, халаасандаа задгай хоёр ам.доллартай үлдээд, өөрийгөө зэмлэж, цээж гашуун оргиод, хоолой зангираад дотроо уйлж байсан. Мэдээж миний мөнгө гэж юу байхав. Эцэг эхийн цалин, хөдөлмөрийн мөнгө. Гэрээсээ хол, хүний газар. Хоёр найзтайгаа Чикаго хотод амьдардаг Монгол айл бараадаж гэрт нь хэд хонолоо. Сүүлдээ адлагдаад эхэллээ. Тэр хүний буруу гэж юу байхав. Бид гурав гэр орныг нь цэвэрлэхээс өөр юу хийхэв. Гэрт нь гурван "хоолны сав" нэмэгдээд, адилхан хүний нутагт амьдрах гэж ядаж байгаа хүн дургүйцэхгүй яахав. Дараа нь өөрийгөө шийтгэж сурахын хажуугаар хоёр найзтайгаа айл нүүлгэх, пицца зөөх зэргээр хар бор халтуурын ажил хийж, өрөө ч төлж, хааяа шоудах, дуртай хувцсаа авах мөнгөтэй болов. Түүнээс хойш дахиж казино хэзээ ч орохгүй гэж өөртөө тангараглаж, өнөөдрийг хүртэл ороогүй, цаашдаа ч орохгүй. 22 жил өнгөрч байна. Одоо ч гадаадад явж байгаад казино харахаар хэцүү үе санагдаад шаналаад байдаг юм. Энийг олон хүн мэднэ дээ...
-Та хэлэх үгээ хэнд ч хэлчихдэг, их тэрслүү хүн байх. Тэрнээсээ болж алддаг уу?
-Алддаг бас хохирдог ч байх. “Би чинь багаасаа цэргийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Нэг өдөр шинээр ирсэн тасгийн дарга намайг өрөөндөө дуудлаа. Миний ажилтай танилцах гэж байна гэж бодоод шалгаж байсан хэдэн хавтаст хэргээ барьж өрөөнд ороод, “Нөхөр дэд хурандаад илтгэе...” гээд л рапорт өгөөд эхэлдэг юм байгаа биз дээ. Тэгсэн над руу 5000 төгрөг сарвайгаад “Урд талын дэлгүүрээс архи аваад ир” гэдэг байгаа. Миний дургүй хүрч, “Уучлаарай дарга аа, Архинд гүйдэг цэрэг биш” гэж өөдөөс нь томроод дараа нь олон жил гадуурхагдаж, дарлуулж байлаа. /Инээв/ Үүнээс болж, цэргийн цолоо цагтаа нэмүүлж чадалгүй, над дээр дадлага хийж байсан үеийн залуу хүртэл хурандаа цол авчихсан байхад би чинь жул цэрэг хэвээрээ. Гэхдээ холдоо ялдаг юм. Тэсээд ч болов зан, зөв зарчмаараа л байх нь зөв. Хөгийн балинч зан, эсхүл “Жаа Боссоо” гээд бөхөлзсөн хөөрхөн царай гаргачихаад дараа нь өөрөө өөрөөсөө ичиж, бусдаар шоолуулж, банди болж чадахгүй. Энэ үзэгдэл улс төрд бол хором тутмын үзэгдэл. За тэгээд тэр босс нь тэр доль занд нь итгээд тэнэгтвэл дуусаа. Тэр нөхдүүд нь боссыгоо унаж, хэн ч биш болохоор толгойг нь өөрийн гараар хагална.
Миний зодооны бичлэгийн хувьд би тийшээ яах гэж очсон гээч? /Инээв/ Манай нэг найз, миний таньдаг эмэгтэйтэй танилцъя. Чи танилцуулаад өгөөч гээд гуйгаад байхаар нь “За тэгье дээ” гээд хэдэн найзуудтайгаа хамт тэр эмэгтэйн байсан үдэшлэг дээр очоод хүмүүсийг танилцуулах биш өөрөө хүнтэй зодоон болоод дууссан. /Инээв/ Би тэр үед тийм ч согтуу байгаагүй, харин шидсэн шилэнд толгойгоороо оногдоод нокаутад орчихоод маргааш орой нь ухаан орсон. Хөл дээрээ ч тогтож чадахгүй, гурван цаг хагалгаанд ороход би тэрийгээ ч мэдээгүй байсан. Жинхэнэ кадр тас.
Гэхдээ тэр явдлаас гарсан үр дүнг би эерэгээр хардаг. Над руу ирсэн сөрөг зүйлс, тэр бичлэгийн талаарх мэдээллийг зогсоох зүйл хийгээгүй. Тэр зодооны бичлэг задарсан нь ялангуяа над шиг хүнд бол зүгээр. Нэг талаасаа олны дургүйцэл бол надад том сургамж боллоо. Нөгөө талаасаа олон хэл амнаас жинхэнэ үнэн нь тэр. Үнэн гэж тэрийг хэлдэг юм. Тэртээ тэргүй намайг үзвэл үзчихдэг гэдгийг бүгд мэдэхээс хойш түүнийг нууж хаагаад, номын, хөөрхөн харагдах гээд байх юм байхгүй. Тэрний дараа улстөрийн хариуцлагаа хүлээлгээд намаас гаргана гэхэд “Би татгалзахгүй ээ, миний буруутай үйлдэл” гээд гарсан. Би хуулийн хариуцлага давхар хүлээх ёстой. Түүнийгээ ч цагдаагийн байгууллагад би буруутай, тэр залууд буруу байхгүй ээ. Зүгээр орхичих оо гэсэн. Удахгүй надад хариуцлага хүлээлгэнэ. Харин тэр залуугийн үгийг нь даадаг байж дээ, аав, ээж нь зовж байгаадаа гэж харамсах.
Харин нэг зүйлд зэвүү хүрдэг. Тэр зодооны бичлэгийг ил болгон олон шуугиулж, залгуулаад “Батхүүг алсан. 13 секундын бичлэг нь байгаа” “шоронд орох нь тодорхой”, “бүр баривчлагдаад орчлоо” ч гэж бас АПУ-гийн нөхдүүд хэвлэлийн хурал хийгээд л, их л хүч, мөнгө хаяж зохион байгуулалттайгаар олныг итгэтэл Монголоор нэг мэдээ тараасан. Олон улсад ч хүрсэн. Лав л АНУ-ын Гадаад харилцааны яам, Германы их хурлын гишүүд, Оросын Думын ажлын албаныхан мэдээлэлтэй байсныг би мэдсэн. Гадаадын хэвлэл ч яриа авья, “Монголын ардчилал аюулд ороод байна уу” гэж асууж байсан. Би гадны хэвлэлд дотоод асуудлаа ярьж болохгүй гээд яриа өгөөгүй. Олон нийт битгий хэл УИХ-ын гишүүд ч эргэлзэж эхэлсэн. Зорилго нь тодорхой шүү дээ. Тэр нь ч үр дүнд хүрч намайг УИХ-аас зайлуулсан. Зайлуулсны дараахан харин цагдаагаас мэдээлэл хийхдээ “13 секундын бичлэг гэх зүйл шалгалтаар тогтоогдоогүй”, “Бичлэг байгаа гэж хэлсэн иргэн “Б” гэгч 15 сая төгрөгний залилан хийсэн.” гэдэг байгаа. Ёстой хэлэх ч үг алга. Би энэ асуудлыг зохион байгуулсан архи үйлдвэрлэдэг хэсэг нөхөд, тэдгээрийн гар хөл болсон амьтадыг хэзээ ч мартахгүй гэдгийг харин заналтайгаар хэлье. Энэ асуудлыг цаг нь болохоор би өөрөө хэвлэлээр, нүүрээрээ, нотлох баримтуудаа харуулж байгаад жич ярина. Хуулийн хүрээнд ч зохион байгуулсан архи үйлдвэрлэгчид өөрсдөө шоронд орох ёстой. Эхнээсээ ч тэр өмгөөлөгч нь шоронд явах гэж байгаа бололтой. Энэ талаар одоохондоо дахиж битгий асуу. Цаг нь болохоор би өөрөө ил ярина. Өөр сэдэв рүү оръё.
Зургийн тайлбар: ЦЕГ: 13 секундийн бичлэг гэж байхгүй
"СЭРЭЭЧ ЭЭ, СЭХЭЭТНҮҮДЭЭ АМЬ ОРООЧ ЭЭ ГЭЖ ОРИЛМООР САНАГДДАГ"
-Та хөрөнгөлөг гэр бүлээс гаралтай. Хүн болгон таныг Монголын тэрбумтны хүү, борог амьдрал мэдэхгүй гэж харж байгаа. Тэгэхээр та мөнгөний болон хөдөлмөрийн үнэ цэнэ, хүмүүжлийг юу гэж хардаг вэ?
- Гэр бүлийн гарал үүсэл бол тодорхой. Хөрөнгөтэй гэхээсээ илүү хөдөлмөрч, сэхээтэн гэр бүлд өссөн. Миний өвөг дээдэс бүгд цаг цагтаа сайд, дарга хийж, Монголынхоо төлөө зүтгэж байсан. Миний л мэдэхээр ядуу, арчаа муутай өмнөх үе байгаагүй. Би бусад шиг жолооч, борог амьдралын хүүхэд энэ тэр гэж худлаа ярихгүй.
1990 оноос өмнө Монголд хөрөнгөтэй хүн байгаагүй. Хөрөнгөтний эсрэг нийгмийн тогтолцоо тэр үед байсан. Ардчилсан хувьсгалын буянаар чөлөөт зах зээлийн тогтолцоо руу шилжсэн. Хүн болгон хөдөлмөрлөснийхөө хэрээр хөрөнгөтэй байх тэр боломж бүрдсэн тогтолцоо гэж хэлж болно. Хэдий чинээ хөдөлмөрлөнө, төдий чинээ чинээлэг, сэтгэл хангалуун амьдрах бололцоо бүрдэнэ. 1990 оноос хойш Монголд шинээр бүрдсэн нийгмийн үр шимийг хүртээд хөдөлмөрлөөд явж байгаа л гэр бүл.
Хууль зөрчиж, хулгай хийж байсан амьдралын түүх байхгүй. Цаашид ч байхгүй. Ширхэг хадаас төрөөс хувьчлаад авч үзээгүй. Нэг ч удаа тендэр авч үзээгүй. Харин намайг концессчин гэдэг. Төр засаг нь мөнгөгүй үедээ улс орны хөгжилд нэн хэрэгтэй төслийн санхүүжилтийг компаниудыг мөнгөө гаргаад барьчих, боломжтой үедээ мөнгийг чин төлье гэдэг л тохиролцоо. Энд муу, муухай зүйл түй ч байхгүй. Тэгээд ч намайг анх улс төрд хөл тавьсан 2012 оноос найман жилийн өмнө яригдаж эхэлсэн асуудал. Миний оролцоо гэх юм байхгүй. Яг үнэндээ би өөрөө улстөрд байдаг болохоор төр засаг нь сохор зоос ч өнөөдрийг хүртэл төлөөгүй, компанийг хохироож байгаа. “Төрөөс төрсөн тэрбумтан” “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” нөхдүүдтэй том андуураад байна. Тэр нөхдүүд чин харин хэвлэлээр асар их мөнгө хаяж, элдэв нэр хоч өгч, улстөрийн нэр томьёолол сэдэж, өөрсдөө хөөрхөн харагдах, бусдыг муухай харагдуулах, “эд нараас л болж бид хөгжихгүй байна. Та нарын хөгжлийг эд хулгайлж байна. “Эднийг алаад өг” гэж хамгийн ихээр хашгирч, нийгмийг турхирч, зэвүүцэх хандлагыг бий болгож, нийгмийн хуурч байна. Нийгэм ч сайхан хууртдаг. Бүр шүтэн биширч эхэлдэг. Тэдний зорилго нь ердөө өөрсдийнхөө хулгайг далдалж, эрх мэдэлд хүрэх, хэвээрээ байх. Тэгэж тэмцэхгүй бол тэд чинь бүгд шоронд орно.
Нийгмийн оюуны потенциаль үнэхээр муу байна. Энэ нь хууртагдах, хуйлрах суурь болоод байна. Оюуны потенциаль яагаад муу байна гэхээр энэ улстөрчид өнгөрсөн 30 жилд хүнээ хөгжүүлж чадсангүй. Зориуд хүнээ хөгжүүлэхгүй, хар массаар нь байлгаж өөрсдөө тархиар нь тоглох гээд ч байгаа юм шиг санагддаг. Камерны өмнө нээх ард түмэндээ хайртай мэт жүжиг тавина. Камер унтрангуут, эсхүл камертай гэдгийг мэдээгүй байхдаа юу ярьдагийг сонсоо биз дээ. Жишээ нь тэр Лу.Болд. Ажилд оруулаад өгөөч, орон байртай болгож өгөөч гэж гуйсан ядарсан эхийг яаж тавлаж, доромжилж байна. Бичлэгийг нь хараа биз дээ. За тэр Батзандантай ярих юм байхгүй. Энэ хоёр нүүрэн дээрээ инээж байгаад дандаа нуруунаас хутга шаадаг хоёр. Ордоны коридорт хэвлэл байхгүй үед таарахаараа яадаг гэж бодно. Нүд рүү ч эгцэлж харж чаддаггүй. Мөнгө, наймаа л ярина. МОНГОЛЧУУДАА, хааяа бүр малаар нь “ерөөж” байгаад, СЭРЭЭЧ ЭЭ, СЭХЭЭТНҮҮДЭЭ АМЬ ОРООЧ ЭЭ гэж орилмоор санагддаг.
"АТААРХАЛ БОЛ АРЧААГҮЙ ХҮНИЙ ҮНДЭС. ЗАЛХУУРАЛ БОЛ ЯДУУ АХУЙ ҮНДЭС"
Үүнийг ялгаж, салгамаар байгаа юм. Яг үнэндээ хамгийн нэр хүндтэй сайшаагддаг нь амьдрал дээрээ новш л байдаг байхгүй юу. Ялгаа заагийг гаргахын төлөө тэмцэх, шудрага бизнес эрхлэгчдээ хамгаалах гэж, дуу хоолой нь болох гэж би фэйсбүүкэд орсон бас нэг шалтгаан шүү. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхээс илүү хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээн байгуулалтыг харж баясах нь бизнес эрхлэгчдээс харагддаг. Яг үнэндээ юм хийж бүтээсэн хүний босгосон бүтээн байгуулалтийн үр шимийг бусад нь яаж хүртэж байна гэдгийг хараад баясах нь их сайхан санагддаг юм байна. Өчнөөн ажлын байр бий болгож байна. Хүмүүс ажилдаа эрч хүчтэй, энергитэй ирдэг, өөрсдөө ажиллаад түүнийхээ үр шимийг хүртдэг, гэр бүл нь аз жаргалтай байдаг ийм тал руу хүний бодол ажилладаг юм байна. Үр дүнд нь капитал буюу мөнгөний үнэ цэнийг хэдий чинээ шударга, хичээл зүтгэл, хөдөлмөрийн хөлс дуслуулна тэр хэмжээгээрээ хүн өөрөө ойлгож эхэлнэ. Бизнесийн бичигдээгүй мөртлөө маш тодорхой хууль бол энэ. Хөлсөө дуслуулж олсон л бол үргүй юманд зарцуулах, мөнгөндөө цамаан загнах үйлдэх хэзээ ч гарахгүй. Гэтэл өнөөдөр тэд адлагдаж, атаархал дунд сэтгэл алдарч байна.
Оюун зарж, хөлс дусаалгүй олсон мөнгөний үнэ цэнийг хүн хэзээ ч ойлгохгүй. Ойлгохгүй болохоор буцаад хэрэгтэй, хэрэггүй зүйлд зарцуулдаг. Энэ зүйл амьдралд зөндөө харагддаг. Үнэтэй машин худалдаж авдаг гэх мэтчилэн хэтэрхий цамаан, бодлогогүй. Тэгээд ч тэр нь түрхэн зуурын тансаглал. Муу үйлийн үрээр олсон мөнгөний үйлийн үрийг эцэстээ үздэг ш дээ. Бас нэг зүйлийг хэлэхэд бизнес эрхлэгч, хөдөлмөрчдөд бусад нь атаархдаг. Бүү атаарх. Атаархал бол арчаагүй хүний үндэс. Залхуурал бол ядуу ахуйн үндэс гэж боддог. Энэ хэн нэгний хэлсэн үгнээс “копи пэйст” хийсэн юм байхгүй шүү. За за, улстөр ярихгүй гэчихээд баахан улстөр бизнес хольж хутгаад ярьчихлаа.
Фэйсбүүкэд нэгдсэн нэг шалтгаан нь би одоо нэг хэсэгтээ улстөр, хэвлэлээс хол байж, Оксфордын их сургуульд хичээл эхлэхээр юу сурч байгаагаа, бидний Монголд юу хэрэгтэй байгаа зэргээр үзэл бодол, эргэцүүллээ бичиж байх болно. Англид оюутан мөртөө чам шиг сэтгүүлч, нийтлэлч болно.
Үргэлжлэл бий...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
их хуралд орж байж бизнэс нь хөгждөг баталгаатай болдог ёс монголд байгаа учираас бизнэс эрхэлдэг нөхдүүд төрлүү чичирдэгийн нэг жишээ
Эрдэм номын ном биш, Амьдралын ном, хүн ёсны ном, хүн чанарын номыг хэлж бга юмаа. Бас л номгүй гэдгээ батлах юмаа
Өөрийч нь хэлсэн зүйлсийг уншаад % хүн би өөрөө ч итгэхгүй эргэлзээтэй ийм худал хуурмаг байдалд хүргэсэн, нийгмийг эмх замбараагүй болгогчидоос залхаж байна та ч бас тэмцээрэй бид бүгд бас хичээнээ.Үнэнээр явбал үхэр тэрэгтэй туулайг ч гүйцнэ.
Бизнесийнхэн бизнесээ, урлагынхан урлагаа л хөөж, улс төр эдийн засагч хуульчид нь улсаа хөгжүүлэх хэрэгтэй.Хувийн ашиг сонирхол хөөж улс төрд гарч хийж гийсэн юмгүй утгагүй бөглөөсүүд их байна.
Чингис хаан шиг Сүхбаатар Цэдэнбал үе үеийн улс төрийн нэрт зүтгэлтэнүүд шиг эргээд үр удам нь бахархахаар түүхэнд үлдэхээр үйлс бүтээж ажиллах хэрэгтэйшдээ.Зүгээр нэг бизнесийн хуулийн төлөө хувийн ашиг сонирхол хөөцөлдсөн хүмүүс бол эцэст нь хүний хараал идээд хойч үр удамд нь ямар олиг байхав.
Хамгийн их гадаадаар явдаг хүмүүс бол их хурал болон тэдний хүүхдүүд, гоё сайханд дурлаад хүүхдүүдээ явуулаад аялуулаад байдаг мөртлөө Монголынхоо ядаж гац хотын 21 р зуунд жаахан хөгжүүлээд сайжруулая гэж юу ч хийдэггүй шүү дээ.Ард түмэн нийслэл хотдоо нүхэн жорлонгоосоо ч салаагүй бор зүрхээрээ голоо зогоож амьдарч байна.Хэргээр санаатайгаар манай улс төрчид иргэдийг ийм амьдруулж байгаа ер нь бол
Муусайн худлаа гаруудын хажууд шудрага шүү жоохон төлөвшчихвөл мундагаа үнэхээр хөдөлмөрч гэр бүл
багадаа хөөрхөн хүү байжээ, ээжтэйгээ адилхан юм байна. Харин эгч бол аав талдаа байна гэнээ
олон хуний амь, амьдрал Номтойбаярын уйлдлээс эрсэдсэн!!!
Улс төрд ичих нүүргүй болдог юм байна
Улс төрд ичих нүүргүй болдог юм байна
Ярихаараа бүгд л нэг их хэлмэгдсэн шударга эх оронч кармандаа мөнгөгүй бидний өрөөсөн дугуйнууд.
Хахахахааа ёстой сайхан шаахымааа. Ичиж үхээсэй! Яаж сурдаг байсан гэчихжээ Америк, Германд зүгээр хэрхэн амьдарч өдөр хоногийг хийх юмгүй шоудАж л өнгөрөөдөг байсныг чинь өнгөтөөр бодитоор нь яриад өгөх хүмүүс бүгд амьд байгаа шүү. Худлаа ярихааа болиорой. Өөртөө итгэлтэй ярихад л болно. Хүн болгон итгэчихнэ гэж бодоод байгаа бололтой
Arai l ovilgogui haragdaad bdg jaahan namba suuval zugeer bh da tr arhi zarj mongolchuudiin nulims tsusaar bayjij bga ger buliinhentei ugaasaa yarih yum bhgui de