СЭХҮТ-ийн захирал Ц.Цэрэн: Манай байгууллагын ажилтнууд намайг гүтгэж байна
“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Цэрэн нь энэ сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын “Сурговь” буудалд хонон өнжин архидлаа. Ингэхдээ эхнэр, хоёр хүүхдээ дагуулан явж байгууллагынхаа 950,000 төгрөгийг зарцууллаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хүчтэй тархаж эхэлсэн. Иймд уг асуудлыг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Цэрэнгээс тодрууллаа.
-Сүүлийн үед тантай холбоотой таагүй мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Би өнөөдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргачихаад байж байна. Намайг архидан согтуурсан, коронавирусийн халдвар авсан Францын иргэнтэй хавьтсан, тийм атлаа хорионд орохгүй гэж эсэргүүцсэн, оргон зайлсан, тэр хавийн хүмүүсийн дунд үймээн самуун дэгдээсэн, хориглолт тогтоосон газраас гарахын тулд онцгой байдлын газрын зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн гэх мэтээр гүтгэсэн мэдээлэл яваад байгаа. Намайг холбогдох байгууллага нь шалгаад хууль зөрчөөгүй гэдгийг нь тогтоосон. Одоо харин намайг гүтгэн харлуулах ажлыг хийж байгаа хүмүүсийг илрүүлэн шалгах ажил явагдаж байгаа.
-Та гуравдугаар сарын 10-ны өдөр Сайншанд хотын “Сурговь” буудалд буусан уу?
-Би тэрнээс өмнө Сайншандад оччихсон байсан. Онц байдал тогтоохоос өмнө би Сайншандад оччихсон байсан.
-Эхнэр, хоёр хүүхдээ дагуулж явсан юм уу?
-Тэр бол шалгагдаж байгаа асуудал.
-Худлаа гэсэн үг үү?
-Шалгагдаж байгаа асуудал учраас хамаагүй ярьж болохгүй. Намайг гүтгэсэн мэдээлэл тараагаад хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
-Ямар хүмүүс энэ мэдээллийг тараагаад байгаа юм?
-Тэр хүмүүс нь манай байгууллагын, миний ойр хавийн хүмүүс байгаа. Энэ гүтгэлгийг бүлэглэн тарааж байгаа учраас би нэрээ төрөө сэргээхээр холбогдох байгууллагад хандчихсан байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.