Эх орондоо ирсэн The Hu хамтлагт Төрийн шагналыг нь гардуулав
Эх орондоо ирсэн “The Hu” хамтлагийн гишүүдэд Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт гардуулахаар болсон билээ. Энэ жил анх удаа хамтлаг /байгууллага/-т “Чингис хаан” одон гардуулах болсон тул Их Эзэн Чингис хааны эснэн мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардуулсан юм.
Энэ үеэр аялан тоглолттой байсан “The Hu” хамтлагийнхан эх орондоо ирсэн тул өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзаад, “Чингис хаан” одонгийн энгэрийн тэмдгийг зүүн өгч, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж байгаад нь баяр хүргэлээ.
Шагнал гардуулах ёслолд тус хамтлагийн гишүүд болох:
- Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог
- Хамтлагийн ахлагч, морин хуурч Ц.Галбадрах
- Төмөр хуур, цуур хөөмийч Г.Нямжанцан
- Морин хуурч, хөөмийч Б.Энхсайхан
- Товшуур хөгжимчин Н.Тэмүүлэн
- Бөмбөрчин Г.Одбаяр
- Соло гитарчин А.Жамбалдорж
- Басс гитарчин Б.Батхүү
- Хэнгэрэг М.Өнөмөнх нар оролцлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.