СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Боинг гүйцэтгэх захирлаа халаад юу өөрчлөгдөх вэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Удаа дараалан хоёр ч томоохон осол хийж 340 гаруй хүний амь насыг үгүй хийсэн Боинг компани 737 Мах онгоцныхоо үйлдвэрлэлтийг зогсоохоо саяхан мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ удаад гүйцэтгэх захирал Деннис Мюленбургийг огцруулах шийдвэр гаргасан байна. Гэвч уг шийдвэр Боингийн хувь заяаг өөрчилж, үйлчлүүлэгчдийн итгэл үнэмшлийг эргүүлэн олж авах эсэх нь эргэлзээтэй хэмээн ажиглагчид дүгнэжээ.

Боинг 737 Мах загварын хоёр  ч онгоц осолдсоны дараа олон нийт компанийг аюулгүй байдлаас урьтаж ашиг хонжоог тавилаа хэмээн буруутгаж байгаа юм. . Түүний оронд удаан хугацаанд компанийн удирдах зөвлөлд байсан Дэвид Калхуныг томилсон нь өөрчлөлт шинэчлэлт хийсэн гэхэд эргэлзээтэй гэж хохирогчдын ар гэрийнхэн ярьсан байна.

Дэвид Калхун нь 2009 оноос хойш удирдах зөвлөлд багтаж, одоо компанийн гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчийн үүргийг давхар гүйцэтгэхээр болж байгаа юм. Эхнэр, гурван хүүхэд, хадам ээжээ Этиопын 302 дугаар нислэгийг үйлдэж байгаад осолдсон онгоцонд алдсан Пол Нжороге Мюленбургийг огцруулсан нь зөв алхам хэдий ч түүний оронд буруу хүнээ томиллоо гэжээ. Мюленбург нь 1985 онд Боинг компанид ажилд орж, компанийн батлан хамгаалах, сансар судлал, аюулгүй байдлын хэлтсийг удирдаж, 2015 онд гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм.

 

 

Боинг хоорондоо таван сарын зайтай гарсан ослуудаас өмнө 737 Мах загварын онгоцоо энэ оны сүүлч гэхэд дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай агаарын тээврийн хөлөг болгоно гэсэн өөдрөг үзэлтэй байсан юм. Гэвч оронд нь энэ загварын онгоцуудыг өнгөрсөн гуравдугаар сард дэлхий даяар газардуулж, өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэлтийг зогсоосон билээ.

 

 

Агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах албаныхан удаа дараа гарсан ослуудын шалтгааныг мөрдөн шалгаж, 737 Мах загварын онгоцны автомат хяналтын системд гарсан доголдлоос болж хоёр онгоц сүйрсэн гэсэн дүгнэлтийг танилцуулсан. Боинг компанийн зүгээс тус онгоцонд суурилуулсан MCAS програм хангамжийн системийн нэг илрүүлэгч алдаатай мэдээлэл хүлээж авснаар нисгэгчийн коммандыг хүлээж авалгүй онгоцуудыг доош унагасан хэмээн мэдэгдсэн байдаг. Ослуудыг нарийвчлан шалгаж програм хангамжийг засварлаж байгаа гэж мэдэгдсэн ч АНУ-ын эрх баригчид компанийн үйл ажиллагааг бүхэлд нь шалгаж, компьютер програм хангамж найдваргүйг удирдлагууд мэдэж байсан гэж үзжээ. Тиймээс компанийн удирдлага эрсдлээ  нуун дарагдуулж, шинээр үйлдвэрлэсэн онгоцоо үйлчилгээнд нэвтрүүлэхийг урьтал болгосон хэмээн буруутгаж байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.