ХНБГУ-д 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Монголын хоёр дипломатчийг Дрезден дүүргийн шүүх 18 хоногийн турш хэлэлцэж яллах дүгнэлтээ үйлдэж байхтай зэрэгцэн УИХ-ын дарга Г.Занданшатар эх орноо төлөөлөн гадаадад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдийг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр “Хар тамхины хэрэг нь Монгол Улсын дипломат алба төдийгүй Монгол Улсын төрийг шороотой хутгалаа. Энэний хохирлыг мөнгөөр үнэлэх аргагүй. Дипломат албаны нэр сүрийг, хамгийн гол нь Монгол Улсын нэр хүнд, дипломат цэнхэр паспортын чадамжийг алдагдуулсан хариуцлагагүй үйлдэл боллоо. Дипломатчдын энэ үйлдэл нь улс орноо хорлох хамгийн том хорлон сүйтгэх ажиллагаа байсан. Монгол Улс саарал жагсаалтад ороход энэ үйлдэл шууд нөлөөлсөн.
Монголын дипломат алба санаачилгатай, төр ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж олон түмнийхээ төлөө сэтгэлтэй ажиллах шаардлагатай. Өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай ажиллахыг та бүхнээс шаардаж байна” гэлээ.